Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон жагсаал өрнөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-30 11:16:41

МАДРИД. /DW/. Ирэх долоо хоногт Испанид эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг /COP25/ угтан баасан гарагт дэлхийн олон оронд жагсаал цуглаан өрнөсөн байна.


Австралид жагссан олон зуун хүн нүүрс, газрын тос, байгалийн хийн шинэ төслүүдээс татгалзахыг Засгийн газартаа уриалжээ. Бангкокт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү их хүчин чармайлт гаргахын шаардан олон зуун хүн жагсжээ.


Эдгээр жагсаал нь Шведийн идэвхтэн, 16 настай Грета Тунбергийн эхлүүлсэн “Ирээдүйн төлөөх баасан гараг” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг кампанит ажлын нэг хэсэг бөгөөд 2018 оноос хойш уг кампанит ажилд дэлхий даяарх залуу жагсагчид нэгдэн хүрээгээ тэлжээ.


"Ирээдүйн төлөөх баасан гараг"-аас мэдэгдсэнээр, баасан гарагт дэлхийн 153 хотын 2300 хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал өрнөх төлөвтэй байжээ. 


Испанийн нийслэл Мадрид хотод ирэх 12 дугаар сарын 2-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх COP25”-ын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тэргүүтэй асуудлуудын талаар хэлэлцэнэ. Энэхүү бага хуралд 25 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ