М.Анхцэцэгт “Алтан очир” одон хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-02 18:14:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “Хүндийг өргөгчдийн баяр”-ын өдөр 12 дугаар сарын 3-нд тохионо.


Энэхүү өдрийг тохиолдуулан олимпын эрх авахад тун ойртоод байгаа шигшээ багийн тамирчдыг шагнаж урамшууллаа. МҮОХ-ны “Алтан очир” одонгоор Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ М.Анхцэцэг, “Олимпын алдар” одонгоор Дэлхийн цомын аварга, дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Г.Ануужин, Дэлхийн цомын хошой аварга, Азийн цомын аварга ОУХМ Э.Билэгсайхан нарыг тус тус шагнав.


Хүндийг өргөлтийн спортоор Улаанбаатар хотын хэмжээнд 350 гаруй тамирчин хичээллэж байгаа төдийгүй орон нутагт ч хөгжиж байгаа бөгөөд Хэнтий аймагт саяхан салбар холбоо байгуулагдсан. МХӨХ-ноос жил бүр хуваарийн дагуу тэмцээн уралдаан зохион байгуулдаг.


Өнөөдөр /2019.12.02/ Дэлхийн хүндийг өргөлтийн холбооны Алтан од одонт, Монгол төрийн хошой Алтан гадас одонт, алдарт дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит тэмцээн эхэллээ. Тэмцээн зөвхөн огцом өргөлтийн төрлөөр медалийн эздээ тодруулна.


Энэ удаагийн тэмцээнд 200 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс гэсэн 4 насны ангилалд хүч бяр, техник ур чадвараа сорьж байна Харин дасгалжуулагч Д.Гансүх агсны нэрэмжит түлхэлттэй өргөлтийн тэмцээнийг маргааш Спортын төв ордонд явуулах юм.


Хүндийг өргөлтийн шигшээ багийн анхны дасгалжуулагчдаа алдаршуулах, тэдний хөдөлмөр зүтгэлийг өсвөр залуу тамирчдад танин мэдүүлэх зорилгоор ууган дасгалжуулагч нарын нэрэмжит өрсөлдөөнийг зохион байгуулдаг. 


Хүндийг өргөлтийн ҮШБ-ийн тамирчид Катарын Дохад энэ сарын 19-24-нд болох Олон улсын цомын VI тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.

Холбоотой мэдээ