Хөгжлийн бэрхшээлтэй 100 орчим иргэнийг ажилд зуучилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-03 14:21:03
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй Ирээдүй 2019” өдөрлөг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах зорилготой энэхүү өдөрлөгт ажил хайгч иргэд болон ажил олгогч 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож өөрсдийн боломжийг танилцуулав.


Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, манай улсад 105 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 30 хувь буюу 30 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлдэг ч, тэднээс маш цөөн нь тогтвортой ажлын байртай. Учир нь тэдгээр иргэний дийлэнх нь тодорхой хугацаанд үргэлжлэх төсөл, эсвэл өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байна.



Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг: “Өнгөрсөн жил хөдөлмөр зуучлалын өдөрлөгийг зохион байгуулснаас хойш 200 гаруй ААН хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр санал болгож хандсан. Үүний үр дүнд, бид нэг жилийн дотор 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд зуучилсан. Тухайн иргэнийг зөвхөн ажлын байранд зуучлах бус ажлын байр, хамт олныхоо дунд орж байр сууриа эзлэхэд нь мөн дэмжин тусалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 6 сарын хугацаанд сургагч багш ажлын байранд дадлагажуулдаг олон улсын сайн туршлага бий. Манай улс ч энэ туршилгыг нэвтрүүлэн тодорхой үр дүнд хүрч байна” гэв.


Энэ үеэр Таванбогд Фүүдс ХХК-ийн KFC түргэн хоолны ресторанд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах боломжийг танилцуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ердийн ажилтантай харьцуулахад илүү хичээнгүй, хариуцлагатай байдгийг Таванбогд Фүүдс ХХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ө.Отгонтуяа онцлов.


Тэрбээр: “KFC түргэн хоолны газрын Улаанбаатар хот дахь 12 салбарт 600 гаруй ажилтан ажиллаж байгаагийн 32 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Өөрөөр хэлбэл, салбар бүрт 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна гэсэн үг. Цаашид нэг салбарт 4 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах боломжтой гэж бид үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн илүү хичээнгүй хариуцлагатай ажилладаг. Хамгийн гол нь тэдэнд тохирсон хөдөлмөр эрхлэхэд аюулгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээв.




Холбоотой мэдээ