МОН-30 автобусны ашиглалтын горимыг мөрдөхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-03 16:30:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол инженерүүдийн бүтээсэн МОН-30 загварын хоёр цахилгаан автобус техникийн шаардлага хангахгүй байгааг худалдан авагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ–аас мэдээлсэн. Үүнтэй холбоотой цахилгаан автобусыг үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Монгол машин байгууламж", "Монгол машин индастриал", "Эрдү" компаниуд хамтран МОН-30 автобусыг дөрвөн сарын хугацаанд угсарч, үйлдвэрлэжээ. Ингээд худалдан авагч талд хүлээлгэн өгөхдөө цахилгаан автобусны онцлогт тохирсон ашиглалтын горим, заавар зөвлөмжийг мөрдөн ажиллахыг анхааруулсан талаар үйлдвэрлэгчид хэллээ.



"Монгол машин индастриал" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд: “Бид ЗТХЯ-тай хамтран өвөл, хавар, зун туршилт, судалгаа хийсэн. Автобусыг дулаан зогсоолд байлгаж, ашиглалтын горим, зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд 100 хувийн цэнэгээр өвлийн улиралд 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартай. Цахилгаан автобус хотын төвийн 8 хувиас ихгүй налуутай замаар зорчих ёстой. МОН-30 автобусны хувьд цэвэр цахилгаанаар ажилладаг буюу халаалтаа хүртэл цахилгаанаар шийдсэн учраас энэ горимд хэрхэн ажиллах талаар жолоочоо сургах хэрэгтэй байгаа юм. Автобусны дотор агаарын температураас хамаараад 6 халаагуураа бүгдийг нь ажиллуулах уу, заримыг нь ажиллуулах уу гэдгийг жолооч шийднэ. Гэтэл хүйтэн гараашид зогсоогоод бүх цахилгаан хэрэглэгчийг нь ажиллуулаад, цэнэгээ барихгүй байна гэх мэдээллийг өгч байна. Тиймээс бид халаагуурыг дизелиэр шийдэж өгөх саналаа хүргүүлсэн” гэлээ.


Манай инженерүүд 2006 онд 80 гаруй троллейбус угсарсан. Үүний дийлэнх нь стандартын дагуу 2018 онд актлагдсан ч зарим нь одоог хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нь монгол инженерүүд бүтээж чаддагийг харуулж байна хэмээн "Монгол машин байгууламж" компанийн үйлдвэрийн дарга С.Болдсайхан онцлов.


Тэрбээр “Цахилгаан тээвэр компани 2006 онд Монгол Улсын анхны троллейбусыг үйлдвэрлэсэн. Нийт 80 троллейбус үйлдвэрлэсэн нь 12 жил үйлчилгээнд яваад, стандартад заасны дагуу 2018 онд актлагдсан. 20 орчим нь одоо ч үйлчилгээнд явж байгаа. Энэ нь монгол инженерүүдийн үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж чадна гэдгийг баталж байгаа юм. 2014 онд автобус баазуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр үйлдвэрлэлийн бүхэл бүтэн баг бүрдээд байсныг тараасан. Бидний зүгээс дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл итгэл үнэмшил байсан учраас хувийн хэвшилд гарч ажилласан” гэв.


Нийтийн тээврийн үйлдвэрлэлийг дагаад пластик эдлэл, шил, толины үйлдвэрлэл хөгжих боломжтойг үйлдвэрлэгчид онцолж байлаа. 

Холбоотой мэдээ