Э.Оюунтэгш: Энэ онд ОХУ-аас 11 дэх бизнес төлөөллийг хүлээн авч байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-12-05 19:09:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Орёл хотын бизнесийн төлөөлөл манай улсад ирээд байна. Тэд өнөөдөр “Sky Plaza” төвд Монголын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Орёл хотын бизнесийн бүрэлдэхүүнд “Аэрокомплект”, “Пищевик” зэрэг компанийн төлөөлөл ирээд байна.

Уулзалтыг Монголын талаас зохион байгуулагч Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгшийн хэлснээр энэ удаагийн бизнес айлчлал нь энэ онд хойд хөршөөс хүлээн авч буй 11 дэх бизнес төлөөлөл болж байна. Үүний өмнөхөн ОХУ-ын Саха (Якут) улс болон Еврейн автономит мужийн бизнесийнхэн манай улсад ирж хамтын ажиллагаагаа хэлэлцээд явсан юм.


Энэ удаагийн Орёл хотын бизнесийн айлчлалыг ОХУ-ын Орёл бүс нутгийн Экпортыг дэмжих төв зохион байгуулж байна. Тус төвийн дарга И.А.Волкова хэлэхдээ, “Монголын талаас биднийг таатай хүлээн авч их боломж олгож буйд талархаж байна. Өнөөдрийн уулзалтаар бид Монгол нөхөдтэй эхний удаа нүүр хагалж уулзлаа. Одоо бидэнд хамтран ажиллах ААН, байгууллагуудаар орж ажил хэрэг өрнүүлэх үлдээд байна” гэсэн юм.


Орёл хотын төлөөлөл манай улсын БХЯ, ОБЕГ-ын нэгж, салбар, тээвэр, иргэний нисэхийн газар, ХАА-н байгууллагууд, ЖДҮ эрхлэгч ААН-үүд болон хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл худалдаагаар орж танилцах юм. Учир нь ОХУ-ын Орёл хотоос ирсэн бизнесийн төлөөлөлд уурын халаалтын болон агаараар үлээгч төхөөрөмж бүхий систем нийлүүлэгч, овъёосны гурил болон хүүхдийн хоол тэжээл үйлдвэрлэгчид багтаж байгаа юм.

Тодруулбал, энд ирсэн “Аэрокомплект” компани нисэх онгоцноос аваад тарианы үтрэм, элеватор, агуулах зэрэг томоохон обьектыг газар дээр нь халуун уураар шууд үлээлгэн халааж, хөлдөлтөөс хамгаалах генератор, хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмжтэй халаалтын системээ манай нисэх, онцгой байдал, батлан хамгаалах байгууллагуудад танилцуулах юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ