ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор өнөөдөр хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч нэр бүхий 9 банк ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай”, “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагууд, “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтүүдийг илт хүчин төгөлдөр бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай” 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 7/169 дүгээр албан шаардлагын тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагууд, “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтүүдийг хүчингүй болгосон аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 560 гаруй мянган төгрөгийг ШӨХТГ-аас гаргуулахаар болж, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Н.Туяа