Колумб улсад микроцефаль-тай хүүхэд төрсөн анхны тохиолдол бүртгэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-04-18 19:59:04

БОГОТА. /VOA/. “Зика” вирусээр үүсгэгддэг төрөлхийн тархины гажигтай /микроцефаль/ хүүхэд төрсөн анхны 2 тохиолдол Колумб улсад бүртгэгдлээ.

“Зика” вирусын халдвар нь микроцефаль хэмээх тархины гажиг болон бусад хэлбэрийн ноцтой төрөлхийн гажгийг үүсгэдэг болох нь АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /АӨХУСТ/ судалгаагаар тогтоогдсоноос хоёр өдрийн дараа дээрх 2 тохиолдол илэрсэн байна. Микроцефаль жижиг толгойтой тархины гажигтай хүүхэд төрөх гол шалтгаан болдог байна.

Тус улсад микроцефаль өвчний шинж тэмдэг бүхий 33 тохиолдол бүртгэгдэн шалгагдаж байгаагаас дээрх 2 тохиолдол нотлогдсон байна. Тэдгээрээс 16 тохиолдол нь “Зика” вирустэй ямар ч холбоогүй болох нь тогтоогджээ. Харин бусад 15 тохиолдолд эмнэлгийн шинжилгээ хийж байгаа ажээ. 

Тавдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд микроцефалийн тохиолдол улам  нэмэгдэх магадлалтай хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Фернандо Руйз хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Үүнтэй сацуу Мексикийн эрх баригчид тус улсад "Зика" вирусийн 222 тохиолдол бүртгэгдсэн гэдгийг пүрэв гаригт мэдэгдлээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ