Шинэ жилээр мянган хүүхдийг баярлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-07 13:48:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн залуучуудын сайн дурын томоохон байгууллагын нэг Ротаракт клубийн Монгол Улс дахь гишүүн залуус энэ жилийн шинэ жилээр мянган хүүхдийг баярлуулах аян эхлүүлжээ. 

“Бяцхан баатрууд-2019” аянаар нийслэлийн захын дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх, асрамжийн төвийн хүүхдүүд, мөн баярын өдрөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад шинэ жилийн баярын инээд хөөр, баяр баясал, урам зориг бэлэглэх юм байна.  

Хайр, баяр баясал түгээх энэ аянд иргэд, залуучууд нэгдэж чихэр, шоколад, ундаа, жүүс, бусад төрлийн амттан, ном, үзэг, харандаа, дэвтэр, цүнх зэрэг хичээлийн хэрэгсэл, мөн дулаан бээлий, малгай, ороолт, оймс, хувцас, бүх төрлийн витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, утааны маск, бэлгийн уут зэргийг хандивлан оролцох боломжтой аж.


Өнгөрсөн Шинэ жилийн аянаар залуучууд Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн айл өрхийн нийт 2000 гаруй хүүхдийг баярлуулж, шинэ жилийн баярт мөчийг хамтдаа хуваалцсан байна.


Манай улсад нийт ротаракт 13 клубийн 700-гаад залуу нийгэмдээ хандсан сайн үйлсийн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ