“Гааль-бизнесийн түншлэл 2019” уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-07 22:36:52
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Гаалийн байгууллагаас гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Гааль-бизнесийн түншлэл 2019” уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар гаалийн шинэчилсэн төслийг танилцуулах, гадаад худалдаанд оролцогчдын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонсох болон олон улсын худалдааг хөнгөвчлөх итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг танилцуулах зорилгоор илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын Гаалийн байгууллага нь  дэвшилтэт техник технологид суурилсан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж бүс нутагтаа тэргүүлэгч болох зорилт тавьж улмаар гаалийн хяналтын шинэ концепц болох эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.  

Орхон аймаг дахь Гаалийн газар нь сүүлийн есөн жилд  бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, татвараас зайлсхийх зөрчил зөвхөн нэг удаа бүртгэгдсэн нь хууль сахилтын түвшин өндөр байгааг харуулж байна гэж тус газрын дарга Б.Майдармаа хэллээ. Мөн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг хамруулах хүсэлтийг ГЕГ-т хүргүүлж, Монгол Улсын анхны итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж Орхон аймгаас шалгарна гэдэгт итгэлтэй байгааг дурдлаа.

Дээрх уулзалт, зөвлөгөөнд Орхон аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Магнай трейд”, НИК, Шунхлай”, Сод Монгол групп ХХК болон гаалийн харилцаанд оролцогч бусад аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ