Хөрөнгийн сангууд үнэт цаасны зах зээлд оролцох боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-09 15:55:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөрөнгийн зах зээлд "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэх" журам хэрэгжиж эхэллээ.

Журмыг олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох хөрөнгө оруулалтын менежментийн болон үнэт цаасны компаниудад зориулсан танилцуулах сургалтыг Монголын Хөрөнгийн биржээс өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа. 

"Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэх” журам хэрэгжиж эхэлснээр, Хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих, татан төвлөрүүлэх юм. Нэг ёсондоо Хөрөнгө оруулалтын сангууд одооноос үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлд нэгж эрхээ (ХК-иар бол хувьцаа гэсэн үгбүртгүүлэн оруулж оролцож эхэллээ гэсэн үг.

Ингэснээр хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн өмнөөс мэргэжлийн удирдлагаар хангаж, хөрөнгийн зах зээлд тодорхой хувийг оруулах, улмаар дотоодын зах зээлд шаардагдаж буй урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох боломж нээгдэж буй онцгой ач холбогдолтой юм. 


Журмын хэрэгжилтийн талаарх сургалтаар хамтын хаалттай сангийн талаарх үндсэн ойлголт, олон улсын практик туршлагаас хуваалцав. Мөн сан үүсгэн байгуулж СЗХ болон МХБ-д бүртгүүлэх эрх зүйн нөхцөл байдал, бүртгэлтэй байх хугацаанд тогтмол хэрэгжүүлэх үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

"Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг  анх "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны 2019/07 дугаар тогтоолоор баталсан юм. Улмаар журмыг СЗХ-ны даргын мөн энэ оны 11 дүгээр сарын 13-ны 537 тоот тушаалаар батламжилсан юм.

Б.Болд

Холбоотой мэдээ