Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн хоёр нэмэлт шугам ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-12 11:33:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой түлш ХХК түлш үйлдвэрлэлийн нэмэлт хоёр шугамыг энэ сард багтаан ашиглалтад оруулахаар болжээ. Одоогоор тус үйлдвэрийн гурван шугам ажиллаж байгаа ч түлшний хүрэлцээ муу байна гэсэн гомдол сүүлийн үед нэмэгдээд буй.


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: “Галлагаа эхэлсэн 10 дугаар сартай харьцуулахад угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн нь иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгааг харуулж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг өрхийн 3 иргэн угаарын хийнд хөнгөн хордсон дуудлага ирсэн. Өнөөдрийн байдлаар угаарын хийд хордсон нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шахмал түлшийг иргэд бэлэн мөнгөөр бус сайн картаар худалдан авч байгаа. Борлуулалтын цэгүүдийн нөөц, сайн картын түгээлтийн хувь, түлш борлуулалтын байдал, түлш хүрээгүй цэгүүдэд бид байнгын хяналт тавьж ажиллаж байна” гэв.


Тавантолгой түлш ХХК гурван шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байгаа ч энэ сардаа багтаж дахин хоёр шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар албаны хүмүүс хэллээ.


Түүнчлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор Багануурын нүүрсний эрхийн бичигтэй иргэн 12 тонн Налайхын нүүрс тээвэрлэж Амгалан ДЦС-д нийлүүлсэн хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгааг НМХГ-аас мэдээлэв.  

 


Холбоотой мэдээ