Есөн жилийн дараах айлчлал

Монголын мэдээ | Тойм
delgermaa@yahoo.com
2019-12-12 17:05:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр Дорнод аймгийн Халх гол сумд ажиллахдаа энэ онд ОХУ-ын тусламжаар баригдсан бүтээн байгуулалттай танилцсан. Энэ нь хойд хөршид айлчлах бэлтгэлийн нэг хэсэг байсан болов уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  ОХУ-д хийсэн айлчлал нь яахын аргагүй хоёр улсын харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн. Учир нь манай хоёр улсын  харилцаа шинэ буюу найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн.Энэ нь  эдийн засаг төдийгүй улс төрийн салбарын хамтын ажиллагаанд маш том  дэвшил гарсны илэрхийлэл юм. Есөн жилийн дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ОХУ-ын Ерөнхий сайдын урилгаар айлчилж байгаа гэдгийг ч аль аль тал нь нэг бус удаа онцолж байлаа.


Олон жилийн туршид хоёр улсын харилцааны талаар ярихад ердөө хэдхэн сэдэв хөндөгддөг, тэдгээр нь  бараг улиг болсон. Оросын Ерөнхий сайдын орлогч,  Монгол-Оросын Засгийн газрын хамтарсан комиссын Оросын талыг олон жил удирдан ажиллаж буй А.В.Гордеевээс ярилцлага авахад ч  үүнийг дурдаж байлаа. Харин энэ  удаагийн айлчлал нэг онцлогтой байсан нь  нэлээд удаан  яригдсан Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан өнгөрүүлэх асуудал байв. Тиймээс ч Ерөнхий сайд У.Хүрэлсух  Москвад ирж “Метрополь” зочид буудалд буунгуутаа хамгийн түрүүнд “Газпром”-ийн тэргүүн А.В.Миллертэй уулзсан. “Газпром”-ын тэргүүн  бараа бологчдынхоо хамт зочид буудалд орж ирж харагдсан. Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсух Цагаан Ордныг зорьж Ерөнхий сайд Д.Медведевтэй яриа хэлэлцээ хийсний дараа  хоёр тал хамтран ажиллах 12 баримт бичигт гарын үсэг зурсан.


Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт нэлээд удаан үргэлжилсэн. Харин сэтгүүлчид  бид Цагаан Ордны хэвлэлийн төвийн шилэн хананы цаана байрлах  дэлгэц, чанга яригч зоосон өрөөнд хүлээж байхад Ерөнхий сайд нарын хэрхэн уулзаж ярилцаж байгааг дэлгэцээр гаргаж байлаа. Албаны хүмүүсийн ярьснаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Д.А.Медведевийн ажлын өрөөнд орж  яриа өрнүүлсэн аж. Түүгээр ч зогсохгүй Монголын газрын зураг дэлгэж байгаад хий дамжуулах хоолойг хаагуур тавьж болох талаар манай Засгийн газрын тэргүүн саналаа хэлсэн гэдэг.

Ингээд сэтгүүлчдийг хэвлэлийн төвийн гол танхим руу оруулсны дараа Ерөнхий сайдууд  орж ирж  албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Үүний дараа У.Хүрэлсүх, Д.А.Медведев нар хэвлэлийнхэнд зориулан мэдэгдэл хийсэн юм. Харамсалтай нь сэтгүүлчдээр асуулт тавиулаагүй. Уулзалтын цаг нэлээд шахуу байсан бололтой.

Айлчлалын оргил үе нь У.Хүрэлсүх, В.В.Путин нарын уулзалт байв. Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг Оросын төрийн тэргүүн Сочид Бочарев Ручейд хүлээн авч уулзахдаа  хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ хэрхэн нэмэгдсэнийг баримтаар дурдаад эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэдгийг онцлон дурдсан юм. Үүнтэй уялдуулан Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улс элсэх сонирхолтойг мэдэж байгаа гээд  үүн дээр ОХУ ч дэмжинэ гэв.

Ерөнхий сайдын  айлчлалын хүрээнд болсон бас нэгэн арга хэмжээ бол хоёр улсын худалдаа аж үйлдвэрүүдийн танхимуудаас хамтран зохион байгуулсан бизнес-форум байлаа. “Орос-Монгол. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээл дээр хамтран ажиллах нь” хэмээн нэрлэсэн уг форумын үеэр ч манайхыг тус холбоотой хамтран ажиллах асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл тус холбооны гишүүн болох нь  хийн хоолойг Монголоор тавих зэрэг эдийн засгийн салбарт хөрш болон бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллахад чухал  нөлөөлтэй аж.


Бизнес-форумын үеэр Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг танилцуулах илтгэлээ тавиад дуусахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж байв. Гадаад хэргийн сайд маань Монголд хөрөнгө оруулалт хийж,  хамтран ажиллахыг уриалахдаа  учир шалтгаан, манай улс юугаараа онцлог зэргийг оросуудад маш тодорхой тайлбарласан юм. Тэрбээр илтгэлээ оросоор тавьсан нь манайхыг сонирхож буй оросуудыг  татахад нөлөөлсөн болов уу. Завсарлагааны дараа сайдтай ярилцаж, асуулт тавих гэсэн гадныхан түүнийг бүчсэн харагдав.

Ерөнхий сайд У.Хүрэлсух Сочид  Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзсаныхаа дараа Оросын хойд нийслэл гэгддэг Санк-Петербургийг зорьсон юм. Тус хотын дэлхий дахинд алдартай Эрмитажад Монголын түүхтэй холбоотой  түүхэн дурсгалт зүйлсүүд хадгалагдаж байдаг. Тэдний нэг нь Чингисийн чулууны бичиг. Уг түүхэн дурсгалт бичгийн эх хувилбарыг Монгол Улсын Ерөнхий сайдад гардуулах ёслол тэнд болсон.  

Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөсөн юм. Москвагийн “Метрополь” зочид буудалд   Засгийн газрын тэргүүнийг дагалдсан айлчлалын бүрэлдэхүүний дийлэнх хэсэг нь буусан. 1921 оны Ардын хувьсгал ялсны дараахан Зөвлөлт Оростой хэлэлцээ хийх гэсэн Монголын төлөөлөгчид энэ буудалд нэг сар болсон тухай академич  Б.Ширэндэв гуай амьд сэрүүн байхдаа ярьж байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй уг байшинг Монголын Элчин сайдын яамны байр болгож авах саналыг хүртэл Оросын талаас тавьж байсан түүхтэй.


Албан ёсны айлчлалын хүрээнд Монголын талаас  хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж түүнд  дэлхийн шатрын аварга Анатолий Карпов, Оросын Либераль-Ардчилсан намын дарга, олны түмний анхаарлыг байнга татаж байдаг Владимир Жириновский нар ирсэн харагдав. Хамгийн сонирхолтой нь бидний түүнтэй үргэлж адилтгадаг Бүгд Найрамдах намын тэргүүн Буянгийн гэгддэг Жаргалсайхан В.Жириновский хоёр уг хүлээн авалт дээр нүүр тулсан билээ.  Юу гэж ярилцсаныг бүү мэд. Ямар ч байсан тэд уулзсан.

Энэ удаагийн Ерөнхий сайдын хойд хөршид хийсэн айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагаас 20 гаруй сэтгүүлчид дагалдан явсан. Бүгд л энэ айлчлалыг өөр өөрийн өнцгөөс дүгнэсэн.

Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улсыг элсэх асуудлыг Засгийн газрын тэргүүнтэй уулзсан Оросын албаны хүмүүс бүгд л дурдаж байлаа. Ямар ч байсан ойрын хугацаанд манай улс тус байгууллагад гишүүнээр элсэх болов уу. Евразийн эдийн засгийн холбоо нь таван гишүүнтэй. Одоогийн байдлаар таван улс гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлчихээд байгаа  бөгөөд цаана нь 12 улс гишүүнээр элсэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Уг холбооны гишүүн  болсноор  бараа тээвэрлэлт, хөрөнгө, ажиллах хүч солилцох зэрэг давуу талуудтайгаараа онцлогтой юм байна..

Айлчлалын үеэр монголчуудын гол асуудал болгож тавьсан Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн талаар янз бүрээр л ярьж байна. Энэ асуудлыг хэтэрхий их "хөөсрүүлж" байна гэсэн шүүмжлэл ч цөөнгүй. Улс хооронд хийн хоолойг тавих асуудал тийм ч амар хийгдэггүй бололтой. Энэ асуудлаарх хэлэлцээ 10 жил үргэлжилсэн жишээ ч байдаг гэнэ. Юуны түрүүнд техник-эдийн засгийн тооцоо хэрхэн гаргаснаас нэлээд юм шалтгаална. Хоолой тавигдсан нөхцөлд Оросын зүүн-өмнөд нутаг Буриад зэрэг нь хийтэй болох давуу талтай юм байна. Орос, Монгол хоёр үндсэн тохиролцоонд хүрчихлээ гэж үзэхэд хийг худалдан авах гэж буй  Хятадын талын саналаас бас их юм хамаарна. Тэгэхлээр бидэнд Хятадын талын байр суурийг сонсох л үлдлээ.

Холбоотой мэдээ