Нийслэлийн авто замд шинэ технологи нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-13 16:46:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод авто замын нэгдсэн санг бий болгох үүднээс Дэлхийн банкны туслалцаатайгаар автозамын ажилд шинэ технологийг нэвтрүүлж байна.

Энэ талаар нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзах үеэр мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын авто замтай холбоотой олон зүйлийг хэлэлцэж, санал бодлоо солилцов. Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Дэлхийн банктай хамтран “Mapillary” программыг Улаанбаатар хотод нэвтрүүлж байна.

Энэ нь 230 төрлийн автозамын босоо тэмдэг, тэмдэглэгээ, газрын зургийн өгөгдлийн алдааг шалгах, автозамын гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний худаг, шүүрт худаг зэргийн алдааг хянах ухаалаг программ юм. Тус программыг нэвтрүүлж хэрэглэх нь автозамын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн хөрөнгийн менежмент төлөвлөлтийг сайжруулахад чиглэж байна.

Энэ талаар уулзалтын үеэр Б.Отгонсүх хэлэхдээ, “Дэлхийн банк манай улсын зам тээврийн салбартай хамтран ажиллаад таван жил болж байна. Анх авто замын бүтээн байгуулалтад зориулан “Mapillary” программыг нэвтрүүлснээр нийслэл хот хуучин, шинэ замаа харьцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд 1100 км авто замын 340 мянган зургийг авч ангилаад дуусаж байна. Түүнчлэн бид Дэлхийн банктай хамтран ажлаа илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох, авто замын нэгдсэн санг бий болгох үүднээс шинэ технологийг нэвтрүүлж байна. Цаашид нийслэлийн томоохон бүтээн байгуулалт дээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно” гэдгээ мэдэгдлээ.

Уулзалтад Дэлхийн банкны зам тээврийн мэргэжилтэн Анника Берлин, Австрали улсаас ирсэн зам тээврийн ахлах инженер Филипп Жордан нар оролцлоо.

Холбоотой мэдээ