Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай гурван хуулийн төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-13 17:38:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай гурван хуулийн төсөл өргөн барив. 


Тодруулбал, Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай,  “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүгийн хэлэлцээрийнг соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. 


1.Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд, БНФУ-ын Засгийн газрын 57.9 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Онцгой байдлын байгууллагад агаараас авран хамгаалах нэгж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Дээрх зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж. Засгийн газрын наймдугаар сарын 21-ний хуралдаанаар, Агаараас эрэн хайх, аврах анги шинээр байгуулах шийдвэр гаргажээ.


2.“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүгийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэргэжилтийг дэмжих, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэсэн.


Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ.


Хөтөлбөрийн 3 үе шатанд нийт 33 бодлогын ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний шатанд 9 бодлогын ажил хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн 2 дахь шатны 10 бодлогын ажлыг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг  авч байна. Санхүүгийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хураалдаанаар хэлэлцэн дэмжжээ. Хөтөлбөрийн хүрээнд авах 100 сая ам.долларын санхүүжилт нь төсвийн шууд дэмжлэг хэлбэрээр улсын төсөвт орох тул төсөв, санхүүгийн болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.



3.Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-нд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Унгар Улсын Засгийн газраас олгох уг хүүгүй зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөх юм байна. Төсөл батлагдсанаар Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютыг урсгалыг зогсоож, жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ. Мөн цаашид экспортлох боломжтой болно.

Ингэснээр манай орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилж нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурна. Түүнчлэн хүн амын хүнсний баталгаат байдал хангагдах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ