Багийн спортыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажилласны үр дүн гарч эхлээд байна. Тодруулбал, гар бөмбөг, хөл бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалтын чанарт ахиц гарч, энэ жил болсон Хүүхдийн спортын 6 дугаар их наадмын сагсан бөмбөгийн 3х3, 5х5 төрөлд баруун бүсээс шалгаран шигшээ тэмцээнд оролцож, 3х3 төрөлд хөвгүүдийн баг алтан медаль, 3х3 төрөлд охидын баг 4-р байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр 3-р байрт шалгарсан байна.
Тэрчлэн хөл бөмбөгийн өсвөр үеийн улсын
аварга шалгаруулах тэмцээний U-16 насны ангилалд Увс аймгийн баг тамирчид алтан
медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээнд
хүрэл медаль хүртсэн гэх мэт томоохон амжилтуудыг үзүүлжээ.
Мөн энэ онд Увс аймгийн баг тамирчид Сумо бөхийн
ДАШТ-ээс 1 хүрэл медаль, хөнгөн атлетикийн төрөлд 1 алтан медаль, спортын бусад төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээнээс
алтан медаль 50, мөнгөн медаль 50, хүрэл медаль 81, нийт 181 медаль хүртсэн байна.
Тэрчлэн аймагт
шинэ тутам хөгжих боломжтой спортын төрлүүдийг бодлогоор дэмжиж Орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн “Боксын ринг”-тэй болоод байна.