Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 13:18:30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

“Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, үзэл баримтлалыг хамтран батлахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа. Энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Манай улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150-г нь угсарч үйлдвэрлэх боломжтой юм. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж 20 автобус угсарч үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход гааль болон НӨАТ-т  834 сая төгрөг төлдөг. Импортлон оруулж байгаа эд ангийг  гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцож байна. Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ 6 тэрбум гаруй төгрөгийн нэмүү өртөг бий болгож, салбарын боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэт техник, технологийг нутагшуулах боломж бүрдэх юм.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай Хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

“Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг 2004 онд байгуулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулсан юм. БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан дэлхийн 50 гаруй оронд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газар нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт 400 гаруй төсөл хөтөлбөрийг 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.

2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулсан “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай  хэлэлцээр” нь БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчныг бүрдүүлсэн үндсэн баримт бичиг болох юм.

Товч мэдээ:

-  Мэргэжлийн боловсрол, сургалтын “Үнэлгээ, мэдээллийн төв”-ийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэлээ.

-  “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах журам”-ыг баталлаа.

-  “Хөшигийн хөндий чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд үзэл баримтлалыг батлахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт, тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

-  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан Засгийн газартай зөвшилцөхөөр ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарчмын хувьд дэмжиж, саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо.

-  Сонгууль ажиглагчдын олон улсын сургалтын төвийг Монгол Улсад байгуулах тухай асуудлыг хэлэлцээд уг сургалтыг төвийг Гадаад хэргийн сайдын 2016 оны төсвийн багцад багтаан байгуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

-  2016 оны 4 дүгээр сарын 5-8-нд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулсан Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.  

-  Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашкогийн 2016 оны 3 дугаар сарын 16-19-нд Монгол Улсад хийсэн айлчлалындүнг сайшааж, уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

2016 оны 3 дугаар сарын 11-нд Лондон хотноо зохион байгуулагдсан Монгол, Британийн Дугуй ширээний 12 дугаар уулзалтын дүнг сайшааж, уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Д.Ганхуягт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ