НДШ нэмэх заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-15 12:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Газрын тос хайж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг даалгав



Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 11-ний хуралдаанаар, Газрын тос хайж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. 


Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийг барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум  236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 


Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2010 онд хүлээж авсан нөөцөөр, 2016-2042 он хүртэл жил бүр 1.6 сая тонн газрын тос олборлоно гэж тооцсон байна. Үйлдвэрийн хүчин чадал үүнээс 10 хувиар илүүг боловсруулах чадамжтай гэдгийг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг 10 дугаар сарны 18-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр танилцуулж байв.


НДШ-ийг нэмэх заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа



УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн заалтад тавьсан хоригийг нь хүлээн авлаа. 


Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн II хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 386 барилгад хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн, төсөвтэй хамт баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд аймаг нийслэлийн ИТХ төсвөө хэлэлцээд баталчихсан, одоо сумдын ИТХ хуралдаж байгаа энэ үед төсөвт хориг тавьж, дахин шинэчлэх боломжгүй хэмээж байв.


Ингээд санал хураахад Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ. Харин 386 барилга арга хэмжээний зардал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авсангүй.


Терроризмоос урьдчилан сэргийлэхэд ОХУ-тай хамтарна



Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 11-ний ээлжит хуралдаанаар, “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.


Хоёр  улсын эрх ашгийг хөндсөн, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улстай байгуулсан дээрх хэлэлцээрийг мөн баталлаа.


Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээн авахаас татгалзлаа



УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзлаа.


Уг хуульд Өмгөөлөгчдийн холбоо байгуулах асуудлыг тусгасан юм. 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Өмгөөлөгчдийн холбоог татан буулгаж, чиг үүргийг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлсэн. Хуульчдын холбоо өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тул давхардсан чиг үүрэгтэй холбоог дахин байгуулах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгч хоригтоо дурдсан юм.


Гэмт хэрэг шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог хуулийн этгээдүүд нэг нэгнээсээ хараат бус байх ёстой. Гэтэл хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд Хуульчдын холбоонд харьяалагдаж байгаа нь хараат бус байдалд нөлөөлж болзошгүй гэдгийг Хоригийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд  хэлж байлаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн юм.


УИХ-ын 2020 оны сонгуульд 20.5 тэрбум төгрөг зарцуулна



УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийг энэ сарын 13-нд зохион байгуулав.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн мэдээлснээр, 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын 23 мянга 124 гэр хорооллын гудамж, 316 мянга 199 хашаа, 23 мянга 732 байшинг хаягжуулсан. Харин нийслэлд 10 мянга 71 гэр хорооллын гудамж, 280 мянган 332 хашаа, 89 мянга 188 байшинг хаяглаж, мэдээллийн санг үүсгэсэн байна.


Монгол Улс өнөөдрийн байдлаар 3 сая 336 мянга 994 хүн амтайгаас 50.8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй байна. Үүнээс сонгуулийн насны 2 сая 114 мянга 939 иргэн байгаагийн 1.1 сая нь орон нутагт, 977 мянга нь нийслэлд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцлов. Гэхдээ сонгуулийн санал авах өдрөөс өмнө 18 нас хүрэх болон нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орно гэдгийг дурдсан юм.


УИХ-ын 2020 оны сонгуульд 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг төсөвлөснийг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлэв.


Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох боломжтой" хэмээсэн юм.


Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав



УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.


Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулсан. Улмаар 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг зургаан улс гишүүнээр нэгдээд байгаа аж. Одоогийн байдлаар, хэлэлцээрт оролцогч улс орнууд нийт дөрвөн удаагийн тарифын хэлэлцээгээр 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.


Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Иймээс уг хэлэлцээрт нэгдсэнээр гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд гарахад дунджаар 40 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж буй юм. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэх нь чухал алхам гэж Засгийн газар үзэж байгаа юм.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэж, улмаар 63.2 хувийн саналаар батлав.

Холбоотой мэдээ