Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-22 13:33:33

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулахыг асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээллээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд батлан хамгаалах чиглэлээр тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах зорилгоор АНУ-ын ЭКСИМ банкнаас Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт авах 9,7 сая ам.долларын зээлийн 85 хувьд баталгаа гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрчээ.

Барилгын хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийн үлдэгдэл 15 хувийг 2016 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн хангалт үйлчилгээний газраас гаргасан тооцоогоор өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд