Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 14:37:39

Увс аймгийн Замын цагдаагийн тасгаас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” аяныг 7 хоногийн хугацаатай зарлаж, Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр өдөрлөг хийж, аймгийн төвийн ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдыг оролцууллаа.

Энэ үеэр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” ахлах ангийн сурагчдын эссэ бичлэгийн уралдаан болон бага ангийн сурагчдын дундах гар зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн өргөмжлөл, гарын бэлгийг гардуулан өглөө.

Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа явдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг зохион явуулж байгаа аж.

Аймгийн Замын цагдаагийн тасаг нь төрийн байгууллагууд болон ЕБС, цэцэрлэгүүдтэй хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой”, дунд сургуулийн сурагчдын дунд “Цагаан шугам, ногоон гэрэл” тэмцээнийг жил бүр зохион явуулдаг байна.

Өнгөрсөн онд Увс аймагт зургаан хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд үүний гурав нь амь насаа алдсан бол үлдсэн нь хөнгөн гэмтэл авсан аж. Он гарсаар Увс аймагт хүүхэд зам тээврийн осолд өртөөгүй байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ