Бага насны хүүхдийн боловсролыг дэмжих сайн туршлагыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-17 14:55:42

Увс /МОНЦАМЭ/. Залуу малчин өрхийн бага насны хүүхдийн боловсролыг дэмжих, жендэрийн мэдрэмжтэй арга зүйг нэвтрүүлэх сайн туршлагыг бий болгох зорилгоор Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-14-нд Бөхмөрөн суманд ажилласан байна.

Хөдөөгийн алслагдсан бүс нутагт 6 настай хүүхдийг сургуулийн орчинд тэгш хамруулах, орчинд нь дасгах, эцэг эх хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэр орноо санах, сурлагын хоцрогдол арилгах, тэгш хамрах сургалтын орчинг бий болгох, залуу гэр бүлийн эдийн засаг, гэр бүл эцэг эхийн хоорондох тогтвортой байдлыг хангах үүднээс бусад сум сургуульд туршлага болгон хэрэгжүүлэх зорилгоор энэхүү сайн туршлагыг нэвтрүүлж байгаа аж.

Энэ хичээлийн жилээс эхлэн Бөхмөрөн сумын сургуулийн Дотуур байранд Эцэг эхийн өрөө гаргаж тохижуулсан бөгөөд түүнд зургаан настай хүүхдийнхээ хичээл номыг давтуулах, сургуулийн орчинд нь дасгах зорилгоор малчин эхчүүд долоо хоног бүр ээлжээр ирж байрладаг байна. Тус дотуур байранд их засвар хийж тохижуулан, халуун хүйтэн устай болгож, бага насны хүүхэд сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлжээ. Зургаан настнуудын эхчүүд ээлжээр ирж дотуур байранд байрлан хүүхдүүддээ анхаарал тавих болсноор тэдний сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаа аж. Бөхмөрөн сумын энэхүү туршлага нь амжилттай хэрэгжвэл үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх юм байна.

Холбоотой мэдээ