“Эвийн хүч” худалдааны төв албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. 8000 м.кв талбай бүхий "Эвийн хүч" худалдааны төвд нийт 464 лангуу бий. Одоогоор 300 орчим худалдаа эрхлэгчид лангуу эзэмших, түрээслэх гэрээ байгуулж тохижилтоо хийж байгаа бөгөөд 50 гаруй нь худалдаа үйлчилгээгээ явуулж эхэлсэн байна.
Улсын төсөв болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар 2014 онд барьсан “Эвийн хүч” худалдааны төв нь газар, өмчлөлийн маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл зогсонги байсан.
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хурлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Эвийн хүч”
ОНӨААТҮГ байгуулах тухай тогтоол баталж, үйлдвэрийн газрын даргыг томилж,
үйл ажиллагааг нь эхлүүлэх, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагаар
хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон юм.
Энэ
хүрээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус худалдааны төвийн үйл ажиллагааг
эхлүүлэх, орон
нутгийн зүгээс тодорхой хэмжээний шийдвэр гарган мэргэжлийн
байгууллага, хоршоотой хамтран жил гаруй хугацаанд ажилласан.
Энэ
хугацаанд “Эвийн хүч” хоршооны хувь нийлүүлэгчидтэй удаа дараа уулзаж, газар эзэмших
болон
үйл ажиллагааны менежментийн эрхийг тус хоршоонд шилжүүлсэн. Мөн эрчим хүч
болон дотоод тохижилтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажилласан. Үүний үр
дүнд тус худалдааны төвд худалдаа эрхлэгчид ая тухтай орчинд үйлчилгээ эрхлэх,
эрүүл чанарын баталгаат хүнсний бүтээгдэхүүнийг ард иргэдэд худалдах боломж бүрдэж,
шинэ оны босгон дээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.