Н.Батсүх: Цуглуулгаас маань Монгол орны түүх, хөгжлийг олж харах бүрэн боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-18 15:57:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд өөрийн сонирхлоо хөгжүүлж, төрөл бүрийн цуглуулга хийдэг хэд хэдэн хүн бий. Саяхан аймгийн Музей тэдгээр хүмүүсийн цуглуулгыг нэгтгэн “Хобби” үзэсгэлэн гаргасан юм. Тус үзэсгэлэнд хонх, онгоцны загвар, гал командын машины загвар, эртний эдлэл, марк, тэмдэг, утасны болон виза карт, зоосон болон цаасан мөнгө гээд маш олон цуглуулгын үзмэрийг дэлгэжээ.  

Тэрхүү үзэсгэлэнгийн хамгийн олон цуглуулгыг дэлгэн үзүүлсэн хүн бол Сайнцагаан сумын иргэн Н.Батсүх юм. Түүнтэй өөрийнх нь цуглуулгын талаар хөөрөлдсөнөө хүргэж байна.


-“Хобби” үзэсгэлэнгийн хамгийн олон төрлийн үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа хүний хувьд та өөрийнхөө цуглуулгын талаар бидэнд танилцуулна уу?

- Надад 10 гаруй төрлийн цуглуулга бий. Марк, тэмдэг, одон медаль, их, дээд сургуулийн ромбо, зоосон болон цаасан мөнгө, мөнгөний дугтуй, банкны болон үүрэн телефоны утасны картууд гэх мэтчилэн янз бүрийн л юм цуглуулдаг.

Энэ үзэсгэлэнд авч ирээгүй цуглуулга бас бий. Тухайлбал, цаг тооны бичиг байна. 1971 оноос эхэлж цуглуулсан. Эхлээд цуглуулна гэж бодолгүй, хэрэглэж байгаад сүүлдээ цуглуулга болгосон.

“Бөх” сонингийн 10 гаруй жилийн дугаар байна. Би чинь өөрөө ХАА-н мэргэжлийн хүн шүү дээ. Тэгээд ажил, мэргэжлийнхээ дагуу “Шинэ хөдөө”, “Улаан туг” сониныг захиалдаг байсан. Би өөрөө чөлөөт цагаараа сонин хэвлэлд юм бичдэг байлаа. Нийтдээ 260 гаруй материал хэвлүүлсэн байдаг. Захиалсан сонингоо цуглуулдаг байж байгаад 90-ээд оноос хойш хайчилбар хийгээд хадгалсан. Өөрийн бичиж, нийтлүүлж байсан материалуудыг ч хайчилбар болгоод хадгалсан.  

За тэгээд бүхий л амьдралынхаа турш хүлээн авч байсан баяр ёслол, хурал, чуулганы урилга, дурсамжуудаа бүгдийг цуглуулга болгоод хадгалдаг. Энэ бол түүх л дээ. Хүн гэр барих гээд өгсөн урилга хүртэл л байж байдаг. Хааяа гаргаад харж суухад дурсгалтай, их сайхан байдаг юм.

-Та цуглуулгаа хэзээнээс хийж эхэлсэн бэ, өөрийнхөө цуглуулгыг тоолж үзсэн үү, ер нь хэд орчим болсон бол?

- Ер нь хүүхэд байхдаа л захиан дээр наасан тамгатай маркнаас эхлээд л цуглуулга хийж эхэлсэн шиг байгаа юм. Тэр үедээ ч бол нэг их хөөцөлдөж цуглуулаад байсангүй, олдсоныгоо хадгалаад л явдаг байлаа. Харин сүүлдээ бол “хобби” болчихсон юм.

Ер нь цуглуулгаа яг нарийн тоолж, тоог гаргаж байсангүй ээ. 60, 70 хувь нь энэ үзэсгэлэнд тавигдсан. Маркны цуглуулга л гэхэд би энд дээжээс нь л үзүүлэх төдий авчирсан. Марк гэдэг их эмзэг зүйл. Тийм учраас гараар барьдаггүй, амьсгаа хүргэж болдоггүй, пинцептээр л барьдаг. Би бүх маркаа дэлгэж тавина гэвэл энэ өрөө ч багадана л даа.

Зоосон болон цаасан мөнгө цуглуулдаг болохоор сүүлийн үеийн мөнгийг илэрхийлдэг зүйлүүдийг бас цуглуулж байна. Банкуудын виза карт, мобиком, скайтел, жи-мобайл, юнителийн картууд байх жишээтэй. 

Мөнгөний цуглуулга хийж байгаа болохоор мөнгөний дугтуйг цуглуулж байгаа Ер нь тэгээд юуг ч цуглуулж болно л доо.

-Таны цуглуулгад их, дээд сургуулиудын ромбо байна. Энд хэдэн сургуулийн ромбо байгаа бол, дандаа Монголын сургуулиудынх юм уу?  

-Энд яг хэдэн дээд сургуулийнх байгааг хэлж мэдэхгүй юм, яг 525 ширхэг ромбо байгаа. Гадаадын 40 гаруй сургуулийн ромбо бий. Бусад нь манай дотоодын их, дээд сургуулийнх. Тэгээд нэг сургууль чинь нэг төгсөлт хийхдээ л ромбоо жоохон өөрчлөөд гаргачихдаг болохоор тэр болгоныг л боломжоороо олж авдаг. Яг нарийн дээрээ хэв загвар, өнгө будаг, үсэг нь адилхан ромбо гурав л байгаа. Бусад нь бол дандаа өөр байх жишээтэй. Сонирхол байдаг болохоор жоохон л өөр байвал цуглуулгадаа нэмээд л байдаг юм.

-Таны хувьд хамгийн үнэтэй, үнэ цэнтэй цуглуулга нь аль вэ?

- Аливаа бүтээл, цуглуулга цаг хугацаа туулах тусмаа л үнэ цэн нь нэмэгддэг юм. Одон медалийн хувьд л гэхэд бүр дээр үеийнх байхгүй ч гэсэн “Алтан гадас” одон гэхэд л БНМАУ гэдэг нь босоо монгол бичгээр бичсэн анхны хувилбар нь, түүний дараагийн бөөрөнхий сүлдтэй, тэгээд одоо цагийнх гээд л гурван янз байх жишээтэй.

“Алдарт эх”-ийн одон гэхэд анх одон дээрх эх хүүхэд хоёр нь салдаг байсан шүү дээ. Тийм одон байна, сүүлийн үеийн загвар нь ч байна.

Ер нь түрүү үеийн цуглуулгууд л үнэтэй л дээ. Марк л гэхэд дээр үед гарч байсан маркууд үнэтэй. Гэхдээ алтан марк гэх мэт хэвлэгдэхдээ үнэтэй гарч байсан марк байдаг л даа. Тийм алтан марк тэр үед ширхэг нь 65 төгрөгөөр гарч байсан. Намайг олж авах үед ширхэг нь 33000 хүрч байсан. Би 30 ширхэг марк авсан. Одоо бол бас л нэмэгдсэн байх.

Цуглуулга хийдэг хүн бол сонирхсон юмаа мөнгө хайрлахгүй л авдаг юм.

Монгол банкнаас Улс тунхагласны 50 жилээр шар, цагаан зоосон мөнгө гарсан байдаг. Нийтийн гүйлгээнд бол найман төрлийн зоосон мөнгө гарсан юм байна лээ. Тэрнээс гадна гүйлгээнд гараагүй ч дурсгалын зоосон мөнгө маш олон. Ер нь цуглуулагч хүн бол бүгдийг цуглуулна гэж байхгүй байх л даа, тодорхой хугацааны юмыг бол яахав дээ. Одоо бутархай мөнгө гэхэд л 1920-оод оноос эхлээд л 80-аад он хүртэл л гарч байсан. Энэ цуглуулга чинь он оноороо байгаа юм. Тэгээд иж бүрдэл болоод ирэхээрээ үнэ цэнтэй л болно гэсэн үг.

Сүүлийн үед ховордсон марк, дугтуйнууд олдохгүй болчихоод байгаа юм. Зарим нь үнэхээр цуглуулж, зарим нь ч аваад дамлахыг нь дамлаад, бизнес хийх маягтай, үний нь өсгөөд байх жишээтэй.  Нэг ширхэг марк 100,000, нэг дугтуй 400,000 төгрөг байхлаар чинь тэр бүр аваад байж чадахгүй шүү дээ.  

-Ер нь цуглуулга хийхийн ач холбогдол юу вэ? Таны цуглуулгын онцлог нь юунд байдаг бол?

-Цуглуулна гэдэг чинь эрт дээр үеэс л уламжлалтай гэж боддог. Богд хаан гэхэд л маш олон цуглуулгатай байсан, одоо ч ордон музейд нь байдаг шүү дээ. Ер нь цуглуулж болохгүй юм гэж байхгүй. Хүн болгон янз янзын л юм цуглуулдаг.

Ер нь юм цуглуулна гэдэг чинь их олон талын ач холбогдолтой. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ, танин мэдэхүйн маш их ач холбогдолтой. Хүн чинь цуглуулж байгаа юмаа судалдаг, уншдаг, эрж сурдаг. Цуглуулсан бүхнээ хайрладаг, хамгаалдаг, төрөлжүүлж, бүтээл болгодог. Тэгэхээр өргөн цар хүрээний мэдлэгтэй болж байгаа юм.

За тэгээд олон танилтай болно. Гадаадын улсуудтай хүртэл харьцах боломжтой. Би өөрөө “монгол” гэсэн онцлогтой цуглуулга хийдэг болохоор гадаад хүмүүстэй нэг их харьцаад байдаггүй л дээ.

Зарим хүмүүс олон улсын хэмжээний юм хүртэл л цуглуулж байдаг. Тэгээд гадаад, дотоодын үзэсгэлэнгүүд их болдог юм байна лээ.

Монголын марк сонирхогчдын холбоо 1957 онд анх үүссэн байдаг. Сүүлд 1994 онд Филателын холбоо болсон. Энэ байгууллага чинь Дэлхийн болон Азийн марк сонирхогчдын холбооны гишүүн байгаа юм. Тэгээд жил болгон Олон улсын үзэсгэлэнд манай хүмүүс оролцдог.

Манай улс Дэлхийн маркны үзэсгэлэнд 25 удаа оролцож 81, Азийн үзэсгэлэнд 18 удаа оролцож бас 80 гаруй медаль авсан байдаг юм байна лээ.

-Та энэ цуглуулгаа хэдэн удаа иргэддээ дэлгэн үзүүлж байна вэ, өөрийн гэсэн үзэсгэлэн гаргаж байсан уу?

-Яг өөрийн гэсэн үзэсгэлэн гаргаж байгаагүй ээ. 2005 оноос хойш аймгийн Музей хэд хэдэн удаа ийм үзэсгэлэн гаргаж, түүнд оролцож байна. Тэгээд банкны ой, ҮЭ-ийн 100 жилийн ойгоор үзэсгэлэн гаргаж байсан.

Ер нь цуглуулга хийнэ гэдэг маш уйгагүй ажиллагаатай, илүү цаг гарна гэж байдаггүй. Энэ карт, дугтуй эд нар чинь бүгд л цомогт байдаг эд. Тэгээд л үзэсгэлэн гарна гэхээр би энэ бүгдийг хүмүүст дэлгэж үзүүлэхийн тулд гурван шөнө янзалж, цэгцэлж байх жишээтэй. Тийм болохоор энэ бол маш их хөдөлмөр орж байгаа юм.

Дэлгэн үзүүлж байгаа энэ бүтээлээс маань хүүхэд залуучууд улс орныхоо түүх, хөгжлийг олж харах бүрэн боломжтой. Тийм болохоор олон хүн энэ үзэсгэлэнд ач холбогдол өгч, их няхуур үзэж танилцаасай гэж л хүсч байна даа.

-Ярилцлага өгсөн Танд маш их баярлалаа. Энэ сайхан бүтээлээ олон хүнд үзүүлж, танилцуулаарай. 

Холбоотой мэдээ