ОХУ-ын зэвсгийн худалдаа өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-18 23:23:47
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын зэвсгийн худалдаа энэ онд 13 тэрбум ам.долларт хүрлээ гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.


“Хориг арга хэмжээ, шударга бус өрсөлдөөнөөс үл хамааран дэлхийн зэвсгийн зах зээлд Оросын эзлэх байр суурь улам бүр бэхжиж байна” гэж В.Путин ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны үеэр мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, “Зэвсгийн худалдаа энэ жил өнгөрсөн оныхоос хоёр тэрбум ам.доллароор өсөж, улс орон даяар болсон олон төрлийн яармагуудад Оросын батлан хамгаалах салбарын хөгжил дэвшлийг бусад улс орнуудад нотлон харууллаа” хэмээн нэмж хэлсэн байна.


“Эдгээр яармагийн үеэр нийт 558 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Оросын зэвсгийн нийт худалдаа 50 тэрбум ам.доллараас давж, тогтвортой хэвээр байна” гэдгийг Путин онцлон тэмдэглэв.


Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон уламжлалт түншүүддээ зэвсэг худалдаалах нь чухал ач холбогдолтой болохыг тэрбээр цохон тэмдэглээд, Африкийн орнуудад төлбөрийн таатай болон зэвсэг худалдаалах гэрээний уян хатан нөхцөлийг санал болгохыг уриалсан байна.

Холбоотой мэдээ