Эрдэмтэд бохины хэсгээс чулуун зэвсгийн үеийн охины дүр төрхийг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-12-19 15:19:01

МОСКВА. /RIA Novosti/. Хус модны давирхайгаар хийсэн эртний "бохины" дээжээс эрдэмтэд неолит буюу чулуун зэвсгийн үеийн охины дүр төрхийг сэргээж, юу идэж байсныг олж мэджээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна.


Данийн эрдэмтэд тус улсын өмнөд нутгийн Лоллан арлаас олдсон 5700 настай давирхайнд хадгалдагдан үлдсэн шүлснээс эртний хүний генийн бүтэн дарааллыг тогтоож, үр дүнд нь давирхайг зажилж байсан хүн ямар харагддаг байсан, өмнө нь юу идсэн, аманд нь ямар нян байсныг тогтоож чаджээ.



Энэ “бохийг” зажилж байсан хүн бараан өнгийн үстэй, бараан арьстай, цэнхэр нүдтэй охин байсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Генетикийн хувьд охин Скандинавын оршин суугчдаас илүүтэйгээр Европын анчин-цуглуулагчидтай илүү ойр байсан байна.


Эрдэмтдийн Лола гэж нэрлэсэн охин ургамал, амьтны махны аль алиныг иддэг байжээ. "Бохин" дээр түүний сүүлд идсэн хоолны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байна.  Охин “бохь” зажлахаасаа өмнө ойн самар, зэрлэг нугасны мах идсэн байжээ.


“Энэ нь эртний хүний генетикийн мэдээллийг яс эсвэл шүднээс тайлаагүй анхны тохиолдол юм” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Ханна Шредер ярьсан байна.


Холбоотой мэдээ