Б.Эрдэнэтогос: Ирээдүйд “Даалин урлалын төв”-тэй болохыг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-24 17:16:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Надад нэг минут ч алтнаас илүү үнэтэй” хэмээн хэлж суух энэ бүсгүй бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Бямбасүрэн овогтой Эрдэнэтогос. Тэрээр 37 настай.

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай энэ бүсгүй монгол эмэгтэй хүний ур ухааныг өөртөө шингээж, уламжлал, өв соёлоо нандигнан эзэмшиж, түүнийгээ бусдад зааж сургаж яваа гайхалтай уран бүсгүй.

Б.Эрдэнэтогос Хулд суманд төрсөн, айлын дунд охин. Бага насандаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж, АШУҮИС-ийг Сувилахуйн бакалавр зэрэгтэй төгсөөд одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, төрөх тасагт мэс заслын сувилагч, эмчилгээний сувилагчаар ажилладаг. Гурван хүүхдийн ээж, ам бүл тавуулаа амьдардаг жирийн л монгол эмэгтэй.

Анх 17 настайдаа өөрийн сонирхлоор монгол хувцас, шигтгээ наамал, хэрээсэн оёдол, туузан оёдол хийж эхэлсэн бөгөөд даалимбаар хошмог нугалж, угалзтай хүрэм, хантааз, даалин хийдэг болсон нь Монголынхоо энэ асар их өв соёлыг өвлөн авч, яваандаа өөрийн бизнес болгож чадсан түүхтэй.  

Тэр өөрийн амжилтынхаа тухай “хийсэн бүтээлээрээ Буриад улсад болсон урлалын үзэсгэлэнд оролцож, шилдэг шагнал хүртэж байсан. Нийт 20 жил тасралтгүй үйл урласан. Одоогоор хоёр настай болон есөн сартай хоёр хүүхдээ гэрээр өсгөж, эхийн чөлөөтэй байгаа тул даалин урлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд хоёр жил болж байна. “Даалин урлал” хэмээх мартагдаж буй биет өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн гэдэг шалгуураар “Алтан утасны эзэн” болж, Цом, мөнгөн шагналаар шагнуулж байсан. Зүү ороох, хөөмийтэй зүү ороох, загасан нуруу оёх, зоосон ширээний сүлжмэл сүлжих, уран шаглах оёдлуудыг гэрээр хүмүүст зааж сургаж, даалин хавтага, оймсны хараа, хэтэвч, монгол дээл, цамцны гоёл гэх мэтийн бэлдэцүүдийг хийж доторлож байна. Үүний зэрэгцээгээр лоовууз, монгол цамц, дээл, монгол ээмэг, эвхдэг тор хийдэг” гэлээ.

Зүү ороож даалин, монгол гутлын оймсны хараа урлах гэдэг Монголын маань соёлын нэгэн өв юм. Энэхүү соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх санаа төрсөн тухайгаа Б.Эрдэнэтогос ийнхүү ярилаа.  

Б.Эрдэнэтогос: Одоогоос 3 жилийн өмнө орой бүр цахим орчинд орж хэчнээн хоногоор эрж хайж байгаад даалингийн бэлдэцээ захиалж, 20.000 төгрөгөөр авч өөрөө оёж эхэлсэн. Үүнээс үүдэн энэ мартагдах шахсан олдоц ховортой болсон зүйлийг өөрөөсөө бусад хүмүүст хийж хүргэж яагаад болохгүй вэ гэж бодсон.

Ингээд дэлгүүрээс 110.000 төгрөгийн өнгийн утас, пүүсүү, наалт зээлж аваад, эхлээд 10 ширхэг бэлдэц хийсэн. Хоёр жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсны үр дүнд 1500 орчим бэлдэц бэлтгэн уран бүсгүйчүүдээрээ шаглуулсан байна. Үүнээс би өөрөө 700 орчмыг нь доторлож оёсон ба сардаа 1100.000 төгрөгийн орлоготойгоор ажиллаж байна. Анхны бэлдэцүүдээс авч оёж сурч эхэлсэн хүн одоо 20 гаруй бүтээлтэй болжээ. Хялбар хээ сонгон оёж байсан бол улам нарийн тансаг чамин, амьтан, байгаль, 3D хээ гэх зэргийг оёж байна.

Цар хүрээний хувьд аймгийн бүх албан газрын урчуудыг хамарсан ба хөдөө сумдууд мөн Говьсүмбэр, Дорноговь, Улаанбаатар хотоос захиалга ирж, бэлдэц хийж байна.

Түүний бэлтгэсэн бэлдэц эрэлт хэрэгцээ ихтэй байна. Б.Эрдэнэтогос бүсгүй бэлдэцээ хийхдээ хээний номон дээр байдаг зургийг засч, гурван эгнээ утас шахцалдахгүй чөлөөтэй багтдаг болгож, хээтэй хэсгийн ард талд давхар цаваг наан өгч, загасан нурууны утас, утасны уусалтын сонголтуудыг урлаачийн хүсэлтээр бэлтгэн, даалингийн дотроо оёж чадахгүй байгаа хүмүүст зааж, зөвлөж, хавтаганы хөвлөг, амны гоёлыг дагуулан өгдөг учраас ийнхүү эрэлт ихтэй байдаг ажээ. Зах зээлд хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагын дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг учраас түүний энэ бизнес амжилттай явж байна.

Мөн “Дундговь даалин урлал Тогосоо” гэсэн фэйсбүүкийн бүлэг нээж, хэрэглэгчидээ нэгтгэн, тэднийхээ санал, хүсэлтийг хүлээн авч, өөрийнхөө бизнесийн хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

“Уран бүсгүйчүүдийн маань ур ухаанаа шингээж, эдийн дээд торгоо сонгож шаглан оёсон бүтээлүүдээр нь тэдний аав ээж, ахан дүүс, үр хүүхэд, хань ижлүүд нь үргэлж гоёж, гангарч, бардамнаж байдагт би баяртай байдаг.

Цаашид энэ мартагдаж байгаа уламжлалт биет өв соёлоо улам илүү түгээн дэлгэрүүлж, өөрийн бие сэтгэлээ зориулан, үргэлжлүүлэн тасралтгүй ажиллахыг эрмэлзэж байна. Зүү ороох оёдлыг зөвхөн даалин хавтгаар зогсохгүй цүнх, ээмэг зүүлт гэх мэт, оёж болох бүх хэрэгсэлд хатгаж дэлгэрүүлэх хүсэлтэй байна. Мөн даалин урлалын төвтэй болж ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө хүсч тэмүүлэн ажиллах болно” хэмээн уран бүсгүй маань итгэл төгс хэлсэн юм.

Хүн ардынхаа сайн сайхны төлөө сэтгэл юугаа зориулан явдаг цагаан халадтай сувилагч бүсгүй маань монгол түмнийхээ мартагдашгүй их өв соёлыг ч мөн өөрөө эзэмшиж, бусдад түгээн дэлгэрүүлж яваа энгүй уран монгол бүсгүй юм. 

Түүний гэгээн цагаан үйлс бүхэн түгэн дэлгэрч, ирээдүйн их хүсэл тэмүүлэлдээ хүрч, үйл нь уран байж, монгол түмнийхээ өв соёлыг уламжлан үлдээхэд үнэтэй хувь нэмрээ оруулах болтугай хэмээн ерөөл өргөе.

                                                                                                                                             

Холбоотой мэдээ