Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-02 16:00:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэж, дэмжлээ.


УИХ-аас 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь бие даасан хуулиар зохицуулж байсан Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулах журмыгнэг хуулиар зохицуулсан. Энэ хуулийн дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулжээ. Эдгээр сонгуулийг зохион байгуулах явцап олон төрлийн хүндрэл үүсэж байсныг бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байв. Тиймээс  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.


Сонгуулийн санал авах өдөр нь тухайн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо нь 14 хоногийн дотор, 50 хоногт багтаан товлон зарлах, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгах, зардлын гүйцэтгэлээс гадна төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргаж байхаар тусгасан байна. Мөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох, сонгуулийн жил эхэлснээс хойш засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулж өгчээ.


Түүнчлэн сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавихаар төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх зохицуулалтыг оруулжээ.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байхаар тусгасныг 15 хоног болгон өөрчлөх, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнөөс хязгаарлахаар тусгасныг 30 хоног болгох хэрэгтэй гэсэн санал хэлж байв.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтсон юм.

Холбоотой мэдээ