Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны төлөөлөгчидтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ноён Ким Уг Чэ энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн нэгдсэн сургалт зохион байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хамтын ажиллагааны хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа ЗГХЭГ-ын дэд дарга мэдэгдэв. Түүнчлэн Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өндөр чадавхтай улс орнууд багтдаг тус холбоонд нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллага гишүүнээр элссэн нь Монгол Улсын идэвхтэй оролцоотойг илэрхийлж буй гэв.
Ноён Ким Уг Чэ энэ оны есдүгээр сард ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсад болох Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Бүгд хуралд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг Монголын төлөөлөгчдөө ахалж оролцохыг урьсан юм.