Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр хяналт тавин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн дулаан хангамжийн “Говийн
гал” ХХК-ийн нэг, хоёрдугаар зуухнаас халдаг орон сууцны зарим хэрэглэгчдээс
ирсэн гомдлын мөрөөр аймгийн МХГ-ын Эрчим хүч, Хөдөлмөрийн хяналтын улсын
байцаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтын явцад дээрх уурын
зуухнуудад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн таван заалт бүхий албан
шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн
арга хэмжээ авлаа хэмээн аймгийн МХГ-аас мэдээллээ.
Мөн аймгийн Онцгой комиссоос 2019
оны 12 дугаар сарын 31-нээс график гарган Мандалговь хотын дулааны эрчим хүчний
тусгай зөвшөөрөлтэй “Ган-Илч” ХХК, “Дундговь Ус” ОНӨҮГ, Говийн гал” ХХК-ийн найман зуухны ажиллагаанд хариуцлагатай жижүүр гарган хяналт тавьж ажиллаж байгаа
талаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун мэдэгдлээ.
Хариуцлагатай жижүүр нь уурын зуухны
ажилчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, зуухнаас гарах ёстой дулааны хэмийг
тогтмол байлган, зуухны хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байгаа бөгөөд хуваарийн
дагуу онцгой комисс ажилласнаас хойш иргэдээс дахин гомдол ирээгүй байгаа ажээ.