“Facebook” хиймэл оюун ухаанаар өөрчилсөн дүрс бичлэгүүдийг устгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-08 12:05:57

ВАШИНГТОН. /BBC/. "Хиймэл оюун ухааныг ашиглан бодит мэт болгон өөрчилсөн дүрс бичлэгүүдийг /Deepfakes/ устгана" гэж Facebook” нийгмийн сүлжээний компани мягмар гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.


“Энэ төрлийн дүрс бичлэгүүд бодит байдлыг гуйвуулж, технологийн салбарт “томоохон сорилт” учруулж байна” гэж “Facebook” компанийн блогт нийтэлжээ. Хэдийгээр ийм бичлэгүүд интернэт орчинд ховор цацагдсан боловч олшрох хандлага ажиглагджээ.


Хиймэл оюун ухаант программ хангамжууд зарим хүний, ялангуяа улс төрчид, алдартнуудын хийсвэр бичлэгийг хийх нь түгээмэл байдаг бөгөөд бодит мэт харагдуулахын тулд олон янзын аргуудыг ашигладаг байна.  


Facebook”-ийн шинэ бодлогын дагуу уг нийгмийн сүлжээнд илт засаж өөрчилсөн хийгээд буруу ташаа мэдээллээр хэрэглэгчдийн үзэл бодлыг төөрөгдүүлэх зорилго бүхий бичлэгүүд нийтлэгдсэн тохиолдолд устгах аж. Мөн дүрс бичлэгийн үнэн эсэхийг тогтоохоор “Facebook” компанийн мэргэжилтнүүд болон бие даасан алдаа шалгагчид ажиллах гэнэ.


Ташрамд дурдахад, уг шинэ бодлого элэглэсэн болон хошигносон дүрс бичлэгүүдэд хамааралгүй ажээ.

Холбоотой мэдээ