Б.Жонсон, У.Ляйен нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-09 11:23:23

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар Их Британийн нийслэл Лондон хотноо лхагва гарагт уулзсан байна.


Их Британи, Европын Холбоо “Brexit”-ийн дараа “сайн найзууд” хэвээр байх боловч “өмнөх шигээ ойр дотно” биш байх болно гэж Европын Комиссын шинэ тэргүүн хэлсэн байна.


Уг уулзалтын өмнө У.Ляйен хэлэхдээ, ЕХ, Их Британи 2020 оны эцэс гэхэд худалдааны иж бүрэн хэлэлцээр байгуулах боломжгүй гэжээ. Хоёр талын худалдааны хэлэлцээрийг энэ оны эцэс гэхэд байгуулах боломжтой гэж Б.Жонсон өмнө нь мэдэгдсэн юм.


Даунинг-стритэд болсон уулзалтын дараа хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр талын хэлэлцээ “эерэг” уур амьсгалд болсон ажээ. Их Британи нэгдүгээр сарын 31-нд ЕХ-ноос гарснаар 11 сарын хугацаатай шилжилтийн үе эхэлнэ. 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх энэ хугацаанд Их Британи ЕХ-ны дүрмүүдийг гол төлөв дагах боловч тус холбооны институцүүдийг төлөөлөхгүй ажээ.


Их Британи ЕХ-ноос албан ёсоор гарсан тохиолдолд л талууд цаашдын эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээг эхлүүлэх боломжтой юм.


Б.Жонсон ЕК-ын тэргүүнд хандан хэлэхдээ, "би Их Британи, ЕХ-ны шинэ түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа, түүх, ашиг сонирхол, эрх ашигт тулгуурлан эерэгээр үргэлжлээсэй хэмээн хүсэж байна" гэжээ. Мөн тэрбээр нэгдүгээр сарын 31-нээс хойш аль болох ойрын хугацаанд хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ