"Монгол мессенжер" сонины эсээ бичлэгийн уралдааны шагналтнууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-10 15:10:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн эрхлэн гаргадаг “Монгол мессенжер” сониноос  ИБУИНВУ-ын ЭСЯ-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан англи хэлээрх эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа. Уралдааныг Улаанбаатар хотын англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монгол Улс дэлхийд юугаараа алдартай байж болох вэ” сэдвийн дор зарласан юм.

МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд шагнал гардуулах ёслолыг нээж хэлэхдээ, “Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 2018 оноос 7 хоног тутам эрхлэн гаргадаг англи, орос, хятад, япон сонины нэрэмжит уралдааныг холбогдох ЭСЯ-д, соёл хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулах ажлыг эхлүүлсэн" гэдгийг онцлоод уралдаанд илгээсэн эсээ бичлэгүүдээс дүгнэхэд Монгол, Оросын хамтарсан сургуулийн сурагчдын өөрийгөө илэрхийлэх, англиар бичих ур чадвар онцгой сайн байгааг тэмдэглэлээ.

ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Малон уралдаанд амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэж хэлэхдээ, “Энэхүү шагнал гардуулах ёслолд хоёр дахь жилдээ оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү уралдааныг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болсныг сонсоход таатай байна. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй ИБУИНВУ-ын ЭСЯ англи хэл, Английн боловсролыг Монголын залуучуудад сурталчлах гол ажил хийдэг. Энэ ажлыг маань МОНЦАМЭ агентлаг дэмжин ажилладагт талархаж явдаг. Англи хэл бол дэлхийн хэл. Англи хэлээр сайн ярьдаг олон монгол залуустай уулзаж байсан учраас сэтгэгдэл өндөр байдаг. Монгол Улсаа англи хэлээр сурталчлан таниулах ажлыг хийж байгаа МОНЦАМЭ агентлагтай цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн онцолсон юм. 

Энэ удаагийн уралдаанд Монгол, Оросын хамтарсан сургууль, Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар сургууль, Монгол тэмүүлэл, 38, 97 дугаар сургууль зэрэг 10-аад сургуулийн 20 гаруй сурагч оролцов. Уралдааны тэргүүн байрыг Монгол, Оросын хамтарсан сургуулийн 11 “а” ангийн сурагч Т.Сүндэр, дэд байрыг Монгол Оросын хамтарсан сургуулийн 10 “г” ангийн сурагч Б.Билгүүн, гутгаар байрыг Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар сургуулийн 10 “в” ангийн сурагч Г.Тэлмүүн нар эзэлж, мөнгөн урамшуулал болон ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны бэлэг дурсгалаар шагнуулсан юм.

Сурагчид эсээ бичлэгтээ нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн Их гүрнийг байгуулж олон улс үндэстнийг нэгтгэж, хөгжил дэвшилд хөтөлж чадсан түүхээрээ ихэд бахархан Монгол Улс их түүхээрээ дэлхийд хэзээд дуурсагдана гэсэн санааг голчлон дурдсаныг уралдаан зохион байгуулагчид онцолж байв. Мөн үзэсгэлэнт байгаль, ан амьтнаа хамгаалж гадаадын аялагч, жуулчдыг татсанаар Монголын нэр дэлхийд цууриатах боломжтой гэж олон сурагч үзсэн байна.

Харин тэргүүн байр эзэлсэн сурагч Т.Сүндэр эсээндээ, монголчууд цоо шинэ бүтээл зохион бүтээх оюуны чадавхтай болохыг зарим баримтаар ишлэн дурдаад Монгол Улс шинжлэх ухаан, технологийн талбарт дэлхийд алдаршиж чадна, гагцхүү энэхүү давуу талаа өөрийн талд эргүүлэхийн тулд боловсролын чанарыг өндөр түвшинд хүргэх, гадаадад ажиллаж буй монгол мэргэжилтнүүдээ эх орондоо татах орчныг бий болгох хэрэгтэй гэсэн өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.


Тэрбээр, “2019 он миний хувьд өгөөжтэй жил байлаа. 2019 онд Япон улсад зохион байгуулсан “Sakura Science and technology” хөтөлбөрт хамрагдаж, Нобелийн шагналтнуудын лекцээс олон сонирхолтой мэдээлэл авсан. Мөн Йелийн их сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдах эрх олгосон юм. Улмаар биологийн салбарт гарч буй нээлтүүдийг сурагчид өөрсдөө судлан илтгэл тавих уралдаанд амжилттай оролцлоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Англи хэлийг тавдугаар ангиасаа шамдан сурч буй тэрбээр Олон улсын математикийн олимпиадад алтан медаль хүртэж, дүүрэг, нийслэлийн шилдэг сурагч, “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ.




Холбоотой мэдээ