Төв аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2020-01-10 23:50:57

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, ЕБС-ийн сурагчдын 2 дугаар улирлын амралтыг сунгах, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ

Аймгийн онцгой комисс Төв аймагт томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл сонсож, гарах шийдвэрийг хэлэлцсэн байна. Энэ өвчин амбулаторийн нийт өвчлөлийн 11,3 хувийг эзэлж байгаа аж.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хөл хорио тогтоох ёстой байдаг байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны 52 дахь 7 хоногт томууны дэгдэлт 26,9 % болж өсчээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тоо 59 хүрсэн тул аймгийн ЭМГ, Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд зөвлөмж, чиглэл өгч, өрхийн эрүүл мэндийн төвийг гэрийн эргэлтэд гаргаж, нэмэлтээр амралтын өдрүүдэд тогтмол ажиллуулахын зэрэгцээ, ажлын цагийг 20 цаг хүртэл уртасган  ажиллуулж эхлээд байна.

2020 оны эхний долоо хонгийн байдлаар томуугийн өвчлөл 21,9 хувь болж буурсан үзүүлэлт гарч байгаа хэдий ч, эмчлэгдэж гарсан хүүхдүүд хүндэрч уушгины хатгаа тусах явдал ихэсчээ. Насны хувьд 0-11 сартай хүүхдүүдийн ханиад дахин сэдэрч, хатгаа болж байгаа нь судалгаагаар илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 18 суманд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа бөгөөд, хөдөө орон нутагт хүүхдээс илүү насанд хүрэгчид энэ өвчнөөр өвдөөд байгаа ажээ.

Томуу томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа тул аймгийн хэмжээнд энэ сарын 13-20-ныг хүртэл цэцэрлэг болон сургуульд хөл хорио тогтоох шийдвэрийг аймгийн Онцгой байдлын газраас гаргалаа. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан цуглаан зохион байгуулах болон хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн ажил явуулахгүй байх, хүүхэд нь энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг эхэд нь тав хүртэл хонгийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн байна.

Аймгийн хэмжээнд “В” хүрээний вирусийн сорьц тавьж үзэхэд арван хүний 10 хувьд энэ вирус илэрсэн бол “А” хүрээний  H3, N2 вирус мөн илэрчээ.

Томуу, томуу төст өвчинд хэрэглэх эмийн чанар, хадгалалтад аймгийн ЭМГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт тавьж ажиллаж байна хэмээн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ