Б.Пүрэвдорж: ХХААХҮ-ийн сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-14 12:17:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдэгдэв. 


Сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэлийг хуулийн төсөлд тусгасныг тэрээр мэдээллийн эхэнд онцлов. Тэрбээр, “Малын махны үнэ унаж, малчдын орлого багассан, махны үйлдвэрүүд доголдсон, хятад үйлдвэрийг дэмжсэн нь түүнийг огцруулах үндэслэл болсон” гэлээ. 


Ноднингийн есдүгээр сараас бог малын үнэ 20-30 мянган төгрөгөөр, бод малын үнэ 200 мянган төгрөгөөр багасжээ. Үүний шалтгаан нь БНХАУ руу малын мах экспортод гаргах үйлдвэрийн квот цөөн байгаатай холбоотойг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэлдээ дурдав. Учир нь, Монгол Улсад 130 гаруй махны үйлдвэр байдаг ч зөвхөн 12 үйлдвэрт мах экспортлох зөвшөөрөл олгодог байна. Ингэснээр, махны үйлдвэрүүд авлига өгч энэхүү квотыг авах ба дийлэнх нь Хятадын үйлдвэр байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ, “Махны үйлдвэрүүд зөвшөөрөлтэй 12 үйлдвэрийн квотыг ашиглан махаа БНХАУ руу экспортлох хүсэлт гаргадаг. Тэдгээр  үйлдвэр нь авлига өгч квот авсан тул нэг кг мах тутамдаа 12 юаний төлбөр нэмдэг. Тухайлбал, адууны мах нэг кг 5000  төгрөг байх ч  4800 төгрөгийн төлбөр нэмж байгаа юм. Иймээс махны үйлдвэрүүд ашиг нь багасаж байгаа тул махны үнийг унагаах замаар дээрх мөнгийг төлж байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ