“Харилцааны ур чадвар” сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-14 20:08:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын багш нарын ҮЭХ-ны Дундговь аймгийн салбараас багш нарынхаа чадавхийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор "Говийн хөгжил-Наран" ТББ-тай хамтран “Харилцааны ур чадвар” сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалан, амьдралынх нь түвшинг дээшлүүлэх зорилготой бөгөөд энэхүү холбоог өнгөрсөн онд Дундговь аймагт байгуулжээ.

Тус байгууллага үйл ажиллагаагаа эхэлснээс хойш багш нарт мэдээлэл өгөх, эгнээндээ нэгтгэх, сургалтын байгууллагууд дээр салбар хороо байгуулах үйл ажиллагааг явуулж байгаа ба одоогоор Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэг,  “Эрдмийн далай” цогцолбор сургууль, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулиуд хороогоо байгуулан идэвхтэй ажиллаж байна.

Тус холбооноос “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн үйлчилгээний ажилтнууд, тавдугаар цэцэрлэгийн багш, ажилчдад харилцааны сургалт хийж, тавдугаар цэцэрлэгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын тавдугаар цэцэрлэгтэй шефийн харилцаа тогтоон хамтын ажиллагааг эхлүүлэхэд  нь зуучлан хамтран ажиллажээ.  

Цаашдаа ҮЭХ-д аймгийнхаа бүх багш нарыг нэгтгэн, “Хөдөлмөрийн хууль”-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу сумын ИТХ, Засаг даргатай хамтын хэлэлцээ хийж, боловсролын салбар, багш нарт ямар хэрэгцээ байна, түүний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, өргөжүүлнэ хэмээн тус холбооны аймгийн дарга О.Эрдэнэтөгс танилцууллаа. 

Холбоотой мэдээ