“Мөнгөлөг шагшуурга-2020” мөсний баяр зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-15 11:31:55

Ховд /МОНЦАМЭ/. “Мөнгөлөг шагшуурга-2020” мөсний баярыг энэ оны гуравдугаар сарын 07-08-нд хан Жаргалант уулын өвөр, хатан Хар-Ус нуурын дэргэд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Ховд аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. 

Ховд аймгийн ЗДТГ, холбогдох байгууллагууд хамтран “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү мөсний баяр нь баруун Монголын угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, байгаль дэлхий, үндэсний өв соёлоор бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Улмаар Ховд аймгийн нутгаар аялах гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

“Мөнгөлөг шагшуурга-2020” мөсний баярыг “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж буй.

Үүнтэй холбогдуулан “Мөнгөлөг шагшуурга-2020” мөсний баяр зохион байгуулах ажлын хэсэг энэ сарын 14-нд хуралдлаа.

Хурлаар мөсний баярыг зохион байгуулах хугацаа, уралдаан тэмцээн, угсаатны бүлгүүдийн онцлогийг илтгэх үзүүлбэр, тэдгээрийг шалгаруулах журам, орчны ариун цэвэр, эрүүл ахуйг хангах зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцжээ.

Энэ үеэр цаг агаарын төлөв байдал, Хар-Ус нуурын мөсний зузааныг судалж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргахаар боллоо. Тухайн дүгнэлтээс шалтгаалан мөсний баярын үйл ажиллагаа зохион байгуулах хугацааг дахин хэлэлцэх аж.

Тус ажлын хэсэг энэ сарын 17-ны өдөр дахин хуралдана. 

Холбоотой мэдээ