Дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүр Улаанбаатарт байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-16 10:40:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн зах зээлд Монгол ямааны ноолуур чанараар тэргүүлж байна. Манай улс 2018 онд 9 500 тонн ноолуур бэлтгэсэн бөгөөд дэлхийн түүхий ноолуурын 48 хувийг хангадаг аж. Монголын ноос, ноолуурын холбооны судалгаагаар монгол ямааны ноолуурын ширхэгийн голч 13.0-16.5 микрон, дундаж урт нь 38-45 мм гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хамгийн сайн чанарын ноолуурын эх орон юм.


Энэхүү чанартай ноолуурыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг “Говь” ХК өнгөрсөн жилийн байдлаар, дотоодын зах зээлд гарсан ноолууран бүтээгдэхүүний 71 хувийг хангасан байна. Харин экспортод гарч буй ноолууран бүтээгдэхүүний 63 хувийг дангаараа эзэлжээ. Ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгч гол улс нь Хятад, Америк, Энэтхэг, Япон зэрэг улс байна.


Энэхүү үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх жилдээ нэг сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн, нэг сая метр нэхмэл бүтээгдэхүүн, 100 мянган пальто үйлдвэрлэх хүчин чадалтай. “Говь” ХК нь ноолуурыг түүхий эдээс, эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх бүтэц, чадавхтай монголын цор ганц үйлдвэр юм. Монгол ноолуураар, монгол хүний ур ухаан, сэтгэлгээ шингэсэн бүтээгдэхүүнийг урлаж, хэдийн гадаадын зах зээлд танигдсан “Говь” ХК-ийн ажилтай танилцаж, сурвалжиллаа.



Монгол ноолуурын дөрвөн өнгийг бэлгэдсэн “Говь” ХК-ийн байранд ороход, тус компанийн маркетинг, судалгааны менежер С.Түвдэн биднийг угтсан юм. Түүнтэй ирсэн зорилгоо хэлж, хэдэн хором ярилцсанаа хүргэе. Ази, Европын 40 хотод 61 франчайз болон нэрийн дэлгүүртэй тус компанийн бүтээгдэхүүнийг “www.gobicashmere.com” вэбсайтаар дамжуулан дэлхийн хаанаас ч захиалан авах боломжтой аж.


-“Говь” брэндийн бүтээгдэхүүний онцлог юу вэ?

-Монгол ноолуураас үндсэн дөрвөн өнгийн бүтээгдэхүүн гардаг. Тодруулбал, цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор өнгө. Үүнээс хөх саарал нь зөвхөн монгол ямааны ноолуураас гарах боломжтой. Энэхүү өвөрмөц ноолуураар бид цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүний ноолуур нь ямар ч химийн будаг, хольцгүй, тухайн ноолуурын үндсэн өнгөөр гардаг онцлогтой.



-“Говь” брэнд хэдэн коллекц гаргадаг вэ?
-Загварын хувьд дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахаас гадна, монгол соёл, монгол хүний ур ухааныг шингээхийг хичээн ажиллаж байна. Жил бүр манай компаниас үндсэн таван коллекц гардаг. “Gobi cashmere”, Намар, хаврын “YAMA” брэнд, “Gobi organic”, “Gobi Kids” гэсэн коллекц бий. Ноднингийн хувьд, манай компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын мэргэшсэн хамт олон дэлхийн загварын чиг хандлагад нийцсэн 24 коллекцийн загварыг хийж, хэрэглэгчиддээ нийлүүлсэн. Тэдгээр мэргэжилтнүүд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр авьяас чадвараа дайчлан ажиллаж байна.


-Гадаад зах зээлд хэрхэн өрсөлдөж байна вэ?

-Монголынхоо брэндийг ерөнхийдөө гадаадад гаргахад төвлөрөн ажиллаж байна. Дотооддоо өөрийн нэрийн зургаан салбартай бол, гадаадын 13 орны 40 хотод 61 франчайз болон таван нэрийн дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ази, Европын зах зээлд гарсан бол, одоогийн байдлаар Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг судалж байна. Түүнчлэн “www.gobicashmere.com” вебсайтаар дамжуулан бүтээгдэхүүнээ дэлхийд сурталчилж, мөн онлайн худалдаа хийж эхэлсэн. Энэхүү вебсайтаас манай бүтээгдэхүүний талаарх мэдээллийг авахаас гадна дэлхийн хаанаас ч бараа захиалан авах боломжтой. 2022 он гэхэд гадаад дахь дэлгүүрийн тоог 100-д хүргэж 90 франчайз дэлгүүр, 10 салбар дэлгүүртэй болохоор зорин ажиллаж байна. Ноднин Монгол Улсын нийслэлийн төвд “Галлериа Улаанбаатар” салбараа нээснээр дэлхийн хамгийн том ноолууран бүтээгдэхүүний дэлгүүр болсон.



-Бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ямар технологийн шинэчлэл хийж байна вэ?
-Хамгийн сүүлд Италийн “Bigagli” брэндийн орчин үеийн ээрмэлийн төхөөрөмжөөр үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмсэн. Энэхүү төхөөрөмжөөр ноолуурыг мөлхөө ээрэх боломжтой болсноос гадна 3-4 метрийн урттайгаар эрчилж ээрэх болсон юм. Энэ нь утасны даацыг сайжруулж, бүтээгдэхүүн бөөсрөхгүй байх зэрэг эерэг үр дүнг бий болгсон. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх чанар нь  нэмэгдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд манай компани үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэх, үйлдвэрээ өргөжүүлэхээр томоохон ажлууд хийсэн. Тухайлбал, саяхан Оёмол болон сүлжмэлийн шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулж, өргөтгөл хийсэн. Мөн үндсэн таван үйлдвэрийн технологийг шинэчилсэн. Үүний нэг нь сая дурдсан “Bigagli” төхөөрөмж юм. Түүнчлэн, Төв аймгийн Сэргэлэн суманд ноолуурын анхан шатны үйлдвэрийг шинээр барихаар ажиллаж байна.



ДЭЛХИЙД ХОСЛОЛ, ПАЛЬТОНЫ БОРЛУУЛАЛТААР ТЭРГҮҮЛНЭ


Шинэ технологи нэвтрүүлээд буй голлох хоёр үйлдвэрээр бид зочиллоо. Эхний үйлдвэр нь дээр дурдсан “Bigagli” төхөөрөмжийг нэвтрүүлсэн Ээрмэлийн үйлвэр байв. Уржнан долоодугаар сард ашиглалтанд орсон энэхүү үйлдвэр нь өдөрт хамгийн багадаа л 1000 кг гаруй ноолуур ээрэх хүчин чадалтай хэмээн тус үйлдвэрийн Ээрэх машин баригч Б.Агиймаа танилцууллаа.



“Говь” ХК-ийн үндсэн таван үйлдвэр байх бөгөөд Анхан шатны үйлдвэрт ноолуурын түүхий эдийг цэвэрлэж, хагас боловсруулаад ээрмэлийн үйлдвэрт шилжүүлдэг юм байна. Энэхүү үйлдвэр нь хагас боловсруулсан ноолуурыг ээрж, бүдүүн, нарийн утас болгон гаргах үүрэгтэй аж. Энэхүү утсыг Сүлжмэл болон Нэхмэлийн үйлдвэрт шилжүүлснээр, даавуу, драф зэрэг материалыг бэлтгэдэг байна. Тэдгээр материалыг Оёх алба эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэнэ.
Сүлжмэлийн үйлдвэр үйлдвэр нь “Говь” ХК-ийн 80 хувийг эзлэдэг гол цөм нь болдог аж. Учир нь тус үйлдвэрт дэлхийд хамгийн их борлуулалттай сүлжмэл төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна.  Тус үйлдвэр 2016 онд 100 мянган пальто үйлдвэрлэх зорилт тавьж, нэг жилийн дотор энэхүү зорилтоо 100 хувь биелүүлсэн байна. Ингээд ноднингоос дэлхийн зах зээлд, ноолууран хослолын борлуулалтаар тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгааг “Говь ХК”-ийн маркетинг, судалгааны менежер С.Түвдэн онцлов.


Дараа нь Сүлжмэлийн үйлдвэрийн Оёх албатай танилцлаа. Оёх үйлдвэр нь жилд сая шахам бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн ажиллагаа 98 хувьтай байгаа аж. Энд Сүлжмэлийн үйлдвэрээс ирсэн жижиг деталь хэсгүүдийг холбож оёдог байна. Тус үйлдвэрийн албаны дарга Б.Одгэрэл, “Манай үйлдвэр 315 хүний ажлын байртай ч одоогоор 230 хүн тогтмол ажиллаж байна.  Манай албаны тэргүүлэх бүтээгдэхүүн нь пальто, хүрэм байдаг. Түүний дараа цамц, малгай, ороолт зэрэг орно. Сүлжмэлийн үйлдвэрт Германы “Indupress” тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа бол, оёх дамжлага дээр Италийн “Complett K&S” үйлдвэрийн шидээсний машиныг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж 43 хувиар өсөж, сард 90 мянган сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон. Мөн Японы “SHIMA SEIKI MACH2XS” оёдолгүй сүлжих зургаан ширхэг машиныг шинээр ашиглалтад оруулсан. Энэхүү машин нь бүтээгдэхүүнийг бүтнээр нь сүлжихээс гадна цамцны захыг өөрөөсөө сүлжиж гаргах онцлогтой юм” гэлээ.



Монгол Улсад, сүлжмэлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг ганцхан коллеж байдаг бөгөөд жилд 20-30 хүн дээрх мэргэжлээр төгсдөг аж. Энэ нь сүлжмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад эрэлттэй байдаг юм байна.


Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь” ХК Монголын ноос, ноолуурын салбарт хамгийн анхны нимгэн даавуун эрэгтэй хослолыг үйлдвэрлэж эхэлжээ. Ингэснээр тус компани монгол ямааны ноолуураар урласан, дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй эн зэрэгцэхүйц чанарыг хэрэглэгчиддээ олгож байна. Энэ талаар “Говь” ХК-ийн маркетинг, судалгааны менежер С.Түвдэн, “Манай компанийн хамгийн нимгэн хослолыг дотоод болон гадаадын хэрэглэгчид үнэлж байна. Тухайн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дэх ноолууран хослолын үнээс хямд ч чанарын хувьд маш сайн. Бид Япон Улсын “Lapine” компанитай хамтран ажилладаг. Энэхүү компани пальтоны үлгэр суулт, материал дээр сайжруулалт хийснээр манай пальто, хослолын чанар шинэ түвшинд гарсан юм. Хослолын хувьд, Унгарын “Титэм” брендтэй хамтын ажиллагааны хүрээнд, тус брендийн үлгэр, суултаар сайжруулалт хийдэг” гэв.


Дашрамд өгүүлэхэд, монгол ямааны 100 хувь ноолуурыг ашиглан хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Өдгөө 2000 гаруй ажилчинтай энэ компани жилдээ 900 тонн түүхий ноолуур боловсруулах, 500 тонн ээрмэл утас, 30 тонн нарийн ээрмэл утас хийж, үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай юм байна. Ноолуурын үйлдвэрлэл нь Уул уурхайн салбарын дараа орох, монголын тэргүүлэх чиглэлийн салбар юм. Говь ХК 1981 онд байгуулагдсан цагаасаа ноолуурыг цогц боловсруулах технологио шинэчлэн, сайжруулахаас буй энэ компани Монгол Улсын эдийн засаг, хөнгөн үйлдвэрийн салбарт тодорхой хувь нэмрээ оруулж буй. Говь ХК-ийн гадаад борлуулалт ноднин 61.6 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 23 хувиар өсжээ. Тус компани 2014-2018 оны ололт, амжилтаараа Монголын хөрөнгийн зах зээлийн дээд шагнал “GRAND BULL AWARDS”-ын “Шилдэг хувьцаат компани” номинациар шалгарсан юм.

Холбоотой мэдээ