"UB school bus"-аар хүүхдийнхээ хаана явааг хянах боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-01-17 17:48:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээг сайжруулах зорилгоор ухаалаг утасны "UB school bus" аппликэйшн гаргасныг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлээд байна. 

Нийслэлд өнгөрсөн оны 11 дүгээр сараас явуулж эхлээд буй сургуулийн хүүхдийн автобусны чиглэл буюу маршрутыг эцэг, эхчүүдийн гар утсанд мэдээлж байсан. Харин одоо автобусаар зорчигч хүүхдүүдэд чип бүхий бугуйвч зүүлгэснээр эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ байршлыг хянах боломжтой болжээ. 

Тодруулбал, хүүхдүүд NFC чип бүхий бугуйвчийг автобусанд суух болон буух үедээ тусгай төхөөрөмжид уншуулна. Харин эцэг, эхчүүд "UB school bus" аппликэйшний тусламжтайгаар автобусанд суусан хүүхдээ хаана явааг мэдэх боломжтой болж байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ бугуйвчны бар кодыг уншуулан бүртгүүлэх юм.

Чип бүхий бугуйвчийг сургуулиар нь дамжуулан сурагч хүүхдүүдэд тарааж эхлээд байна. Мөн багш нарт байршил тогтоох бугуйвчийг хэрхэн хэрэглэх талаар сургалт явуулж байна. Харин эцэг эхчүүдэд танилцуулга, зааварчилгааг ирэх 7 хоногоос, сурагчдын хичээл эхлэх үеэр хүргэх юм байна.


Холбоотой мэдээ