Тэмээ өсгөн үржүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах санал гаргав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-19 21:56:34

Ховд /МОНЦАМЭ/. Сум орон нутгийн өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 17,18-ны өдөр Мянгад, Дөргөн суманд ажиллалаа. 

Ажлын хэсгийнхэн Мянгад, Дөргөн сумын иргэд, хөдөлмөрчдтэй уулзалт хийж, Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, 2020 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар нээлттэй танилцуулсан юм.

Энэ үеэр аймгийн ИТХ-аас 2019 оныг “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, тодорхой үр дүнд хүрсэн. Харин 2020 оныг “Хүний хөгжлийг дэмжин, бизнес, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах жил” болгосон гэж албаныхан онцоллоо.

Уулзалтын хүрээнд Мянгад сумын иргэд Эрүүл мэндийн төвд засвар, өргөтгөл хийх, сумын Соёлын төвийг бие засах газартай болгох, сурагчдын улирлын амралтын хуваарь, хугацаанд өөрчлөлт оруулах зэрэг санал гаргав.

Харин Дөргөн сумын иргэд орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын ажлын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах, албан байгууллагын ажилтнуудыг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулах, "Архигүй цагаан сар" уриалга гаргаж, орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг бодлогоор дэмжих, багшийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, урамшууллын тогтолцоо бий болгох, сумын хэмжээнд худас усны асуудлыг бүрэн шийдвэрлэх, тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах зэрэг хэд хэдэн санал уламжиллаа.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди иргэдийн зарим саналыг аймаг орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагаанд тусгах бөгөөд холбогдох удирдлагуудад уламжилж, шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллана гэв.

Холбоотой мэдээ