Хонконгт жагсаал болжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-01-20 10:46:43

ХОНКОНГ. /NHK/. Хонконгт Засгийн газрыг эсэргүүцэгчид өнгөрсөн ням гарагт олныг хамарсан жагсаал цуглаан өрнүүлж, цагдаагийн ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.


Хонконг арлын төвд байрладаг цэцэрлэгт хүрээлэнд цугласан хүмүүс Хонконгийн засаг захиргааны эсрэг хориг арга хэмжээ авахыг олон улсад хандан уриалжээ. Мөн тэд “Хонконгийг шинэчилье”, “Цагдаагийн гэм буруутай үйлдлийг тэвчихгүй” хэмээн хашхирч байжээ.


Уг жагсаалыг зохион байгуулахын тулд Цагдаагийн газраас урьдчилан зөвшөөрөл авсан хэдий ч хүмүүсийг цуглахаас өмнө жагсаал болох газарт цагдаагийн олон ажилтныг байршуулсан байжээ. Цагдаа нар жагсагчдаас биеийн байцаалтаа үзүүлэхийг хүсэж, авж яваа эд зүйлсийг нь шалгасан байна.


Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, зарим жагсагч цагдаа нар луу халдаж, гудамжинд гал тавьсан тул жагсаалыг зогсоож, жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан аж. Мөн эмх журмыг тогтооход туслалцаа үзүүлээгүй хэмээн жагсаалыг зохион байгуулагчийг саатуулсан байна. Үүний зэрэгцээ биедээ зэвсэг авж явсан найман хүнийг баривчилжээ.


Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш янз бүрийн хэлбэрээр жагсаал цуглаан өрнүүлж байгаа Хонконгийн оршин суугчид бүх нийтийн сонгууль өгөх эрхийг нээж, цагдаагийн гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах бие даасан хороо байгуулахыг шаардаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ