Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-21 14:24:48

Увс /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан мал аж ахуй салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг энэ сарын 18-20-ны өдрүүдэд тус аймагт ажиллаад буцлаа.

Тус ажлын хэсэг Бөхмөрөн, Түргэн, Тэс, Малчин, Зүүнговь зэрэг сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь очиж танилцаж, улмаар аймгийн болон дээрх сумдын онцгой комиссыг хуралдуулан цаг хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм. Увс аймагт 19 сумын 92 багийн 10613 өрхийн 3.2 сая гаруй мал өвөлжиж байна. Нийтдээ 17 суманд 5-28 см цастай, хунгарласан хэсэгтээ 30-50 орчим см цастай байгаа бөгөөд Малчин, Зүүнхангай, Наранбулаг, Ховд, Тэс сумын зарим баг зудын их эрсдэлтэй байна гэсэн үнэлгээ энэ сарын 2-нд гарчээ.

Увс аймгийн Зүүнговь суманд энэ өвөл 142496 толгой мал өвөлжиж байна. Сумын аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 8 тн тэжээл бэлтгэж авснаас тэжээлийг малчдад 50 хувийн хямдралтай үнээр буюу 8000 төгрөгөөр борлуулж байгаа аж.

2020 оны 1 дүгээр сард цаг агаарын төлөв тус суманд дунджаар өдөртөө -31-35 хэм, шөнөдөө -38-42 хэм, хөрсөндөө -40-43 хэмийн хүйтэн байна. Цасны зузаан 17-20 см байгаа бөгөөд одоогоор малын хорогдол гараагүй байна.

Увс аймгийн Малчин суманд 2019 оны жил эцсийн мал тооллогоор 174287 толгой мал тоолуулж өмнөх оноос 7727 толгойгоор малын тоо өсжээ. Тус суманд Өмнөговь, Өлгий, Бөхмөрөн, Завхан, Сагил сумын 11 өрх, Завхан аймгийн Сантмаргац сумын нэг, Ховд аймгийн Дөргөн сумын нэг өрх, нийтдээ 13 өрх 15746 толгой малтайгаар отор нүүдэл хийн өвөлжиж байна. Тус сум тал газартаа 28 см, жалгандаа 60 см зузаан цастай байгаа бөгөөд одоогоор 1291 мал хорогдоод байна гэсэн мэдээллийг Ж.Сауле сайдад өглөө. 

 

Холбоотой мэдээ