Нийт нутгийн 40 хувь нь зудын нэн их эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-21 14:43:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 он гарсаар тус аймгийн хэмжээнд их, бага хэмжээний найман удаагийн цас орсон. Аймгийн УЦУОШГ-ын гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 60 орчим хувь нь нэн эрсдэлтэй, үлдсэн хувь нь нэн их эрсдэлтэй гэж дүгнэгджээ.

Мөн нийт сумын хээрийн цасны байдлыг тодорхойлоход 50 хувь цагаан зудтай, 25 хувь цагаанаар зудархуу, үлдсэн 25 хувьд өвөлжилт хэвийн байна гэв.

Цасны хэмжилтийг хийхэд хөрсөн дээр 7-25 см, гуу жалгандаа 25-62 см-ийн цастай байна. Хөдөөгүүр явган шуурга их шуурч буйтай холбоотойгоор цас их нягтарч байна. Энэ нь зуд болох шинжүүдийн нэг. Ингэж цас нягтрахад малын бэлчээр тэр дундаа бог мал бэлчээрлэхэд хүндрэл үүсдэг. Ирэх 02 дугаар сард их, бага хэмжээгээр хэд хэдэн удаагийн цас орох урьдчилсан төлөв гарсан. Тиймээс бид одоогийн нөхцөл байдал болоод цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнүүдийг аймгийн Онцгой комисст хүргүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ер нь цаашид өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй болоод байна гэж аймгийн УЦУОШГ-ын дарга Х.Энхбаяр хэллээ.

Монгол Улсын хэмжээнд зудын эрсдэл нэн өндөртэй найман аймгийн нэгээр Сүхбаатар аймаг нэрлэгдээд байгаа юм.

 

Холбоотой мэдээ