Худалдаа үйлчилгээний газруудын дийлэнх нь “и-баримт“ олгохгүй байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2020-01-23 17:19:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд хүнсний хэдэн томоохон дэлгүүр, ресторан, үйлчилгээний газраас бусад ихэнх худалдаа, үйлчилгээний газруудад “и-баримт” өгдөггүй. Энэ талаар аймгийн Татварын албанаас тодруулахад “Манай аймгийн хувьд энэ ажил удаашралтай явж байгаа, тиймээс 2020 онд анхаарч ажиллана” гэлээ.

Энэ хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч энэ хуулийн хэрэгжилт өнөөг хүртэл хангалтгүй явж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард ТЕГ-аас Дундговь аймагт мониторинг хийхэд хамгийн доогуур үнэлэгдсэн нэг үзүүлэлт нь энэ “и-баримт” олголт байсан гэдгийг Татварын хэлтсийн дарга А.Туяацэцэг онцолсон.

Тэрээр мөн “Хууль хэрэгжиж эхэлсэн эхний 2 жилд Татварын албанаас ажлын хэсэг гарч, мэдэгдэл өгч, шаардаж байгаад гурав дахь жилээс хариуцлага тооцоод явж байна. ААН байгууллагуудын хувьд харьцангуй “и-баримт” олгоод явж байгаа бол хувиараа аж ахуй эрхэлж байгаа бизнес эрхлэгчид хойрго хандаж байна. Тиймээс энэ онд үүнд анхаарлаа хандуулж ажиллана” хэмээн мэдэгдлээ.  

“И-баримт”-аа иргэд, үйлчлүүлэгчид ч тогтмол шаардаж авах нь чухал юм. Ингэснээр татварын буцаан олголтод хамрагдаад зогсохгүй сугалааны азтан болох боломж бүрддэг. Дундговь аймгийн хэмжээнд 2018 онд 1242 иргэн баримтаараа нэг саяас дээш төгрөгийн азтан болсон байна.

Дундговь аймаг хэдийгээр татварын бааз суурь муутай ч гэсэн цаашид НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдоогүй иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдээ хохироохгүй байхад анхаарч ажиллах нь чухал юм. 

Холбоотой мэдээ