УИХ-ын гишүүд ЕХ-ны парламентын гишүүн Роман Хайдертай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-27 10:26:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Австрийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Австри Улсаас Европын Холбооны парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Роман Хайдер болон Австрийн парламентын Гадаад хамтын ажиллагааны дэд дарга Лукас Мусси нартай энэ сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Уулзалтаар Монгол Австрийн санхүүгийн хамтын ажиллагааны III шатны хэлэлцээрийн талаар санал солилцож, манай талаас Австрийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны зөв менежментийг Монголд нэвтрүүлэх, Завхан аймагт эрүүл мэндийн шинжилгээний төв байгуулах, БЗД-т хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр Австрийн туршлагыг нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна.


Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд дээд өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг ярилцан Австрийн талаас өндөр түвшний айлчлал хүлээн авахад бэлэн байгааг тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ