Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-27 13:15:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ариг банкны хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүсэж банкны зөв засаглал алдагдсан, Монголбанкны ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Монголбанкны ерөнхийлөгчийн 1-р сарын 24-ний өдрийн тушаалаар тус банканд Бүрэн эрхт төлөөлөгч томилж, нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон талаар Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ.


Монголбанк Бүрэн эрхт төлөөлөгчөө 3 сар хүртэлх хугацаагаар томилсон бөгөөд Ариг банкны санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.


Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан: "Ариг банкны хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн маргааны улмаас хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж чадахгүй, ТУЗ нь бүрэн томилогдоогүй, хууль эрх зүйн чадамжгүй байна. Тус банкны зохистой засаглал алдагдсан учир Монголбанк хуулинд заасан үүргийнхээ дагуу харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монголбанкы Бүрэн эрхт төлөөлөгч тухайн банкны зохистой засаглалыг сэргээж, Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлсний дагуу буцаан татна. Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд харилцагч, хадгаламж эзэмшигчдийг тайван байж, худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье" гэлээ.



Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш: "Бүрэн эрхт төлөөлөгч зөвхөн удирдлагын буюу шийдвэр гаргах түвшинд ажиллана. Энд банк татан буулгах тухай яригдахгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Монголбанкны ерөнхийлөгч өөрийн хөрөнгөө нэмэх, гүйцэтгэх удирдлагад шийдвэр гаргахтай холбоотой олон үүрэг даалгавар өгсөн ч харамсалтай нь аль алийг нь биелүүлээгүй. Бүрэн эрхт төлөөлөгчийг хуулиар 1 жил хүртэлх хугацаагаар томилж болно" гэв.


Ариг банк банкны системийн 0.3 хувийг эзэмшдэг бөгөөд нөлөө бүхий хоёр хувь нийлүүлэгчтэй. Тус банкны 61 хувийг Дэм санхүүгийн нэгдэл ХХК, 39 хувийг Номин Холдинг ХХК-ийн охин компани Улаанбаатар Импекс ХХК эзэмшдэг.



Холбоотой мэдээ