Шатсан ойн зулзаган моддыг хамгаалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-27 13:55:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг Архангай аймгийн Булган сумын байгаль хамгаалал болон ойн нөхөрлөлүүд хамтран хангайн ойн зулзган модыг хамгаалахаар ажиллаж байна. 

Тодруулбал, шатсан ой нь байгалийн жамаар сэргэж, зулзаган модод ихээр ургаж буй хэдий ч малын хөлийн даац хэтэрсэн өнөө үед зулзаган мод идэгдэж талхлагдах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд зулзаган модод сэргэх явцыг дэмжих зорилгоор Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Булган сумын нөхөрлөлийн гишүүдтэй хамтарч хаягдал мод, шигүү ургасан ойг сийрэгжүүлсэн шургааг ашиглан хашиж хамгаалж байна.

Сум, орон нутгийн ойн нөхөрлөлийн гишүүд нийт 8 га талбайг 2 өдөрт хашиж хамгаалсан байна. Ингэснээр мал орохгүй нөхцөл бүрдэж, зулзаган модод сэргэн ургах юм. Мөн хавраас нөхөн сэргээх тарилт хийж, суулгац нэмж суулгах юм. Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Булган сумын Хойд могойн гол, Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Баянбулаг багийн 6 нөхөрлөлийн 60 гаруй гишүүн оролцсон байна.

Хойд могойн гол, Тээлийн хэмжээнд ойн 11 нөхөрлөл байгуулагдсанаас 6 нь дээрх хамгаалалтын ажилд ийнхүү оролцож байна. Зулзаган моддыг хашиж хамгаалснаар ойд өтгөн төгөл бий болох юм.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Ханхар Онь хэмээх газарт ойн түймэр гарч тэр хэсгийн ой шатсан юм.


Холбоотой мэдээ