Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-27 22:39:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан "Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх" тухай өдөр А/44 тоот захирамж гаргаж, энэ сарын 27-ноос 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.  

Захирамжид өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, сургалт, баяр ёслол, хурим, найр, уралдаан, тэмцээн, секц, дугуйлан зохион байгуулах, цахим тоглоом ажиллуулахыг хязгаарлахаар заажээ.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газарт, хилийн боомтын хяналтыг сайжруулан, бэлэн байдлыг хангах, тандалт судалгааг эрчимжүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Хилийн 0285 дугаар анги, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газарт тус тус даалгасан байна.

Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхдийг хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг хангах, гэрийн нөхцөлд халдвараас сэргийлэх арга замыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон албан байгууллагаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэл, зөвлөмж өгч ажиллахыг Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газарт үүрэг болгожээ.

Аймгийн Засаг даргын энэ сарын 27-ны өдрийн А/44 тоот захирамжийг дор танилцуулж байна.  




Холбоотой мэдээ