“Empire State Building” цамхгийг Кобигийн хүндэтгэлд зориулж гэрэлтүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-28 11:46:00

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нью-Йорк хотын тэнгэр баганадсан хамгийн алдартай барилгуудын нэг болох 102 давхар “Empire State Building” цамхгийг сагсанбөмбөгч Коби Брайантийн хүндэтгэлд зориулан “Лос Анжелес Лейкерс” клубын өнгөөр гэрэлтүүллээ.


“Биднийг цагаасаа өмнө орхин одсон сагсан бөмбөгийн домог, дэлхийн сая сая оршин суугчийн урам зоригийг бадраагч  Коби Брайантад хүндэтгэл үзүүлэн энэ үдэш манай гэрэлтүүлгүүд ягаан хөх, алтан шаргал өнгөөр гэрэлтэнэ. Түүний гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчидтэй бид сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байна” гэж “Empire State Building” цамхгийн “Twitter” хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ. Энд мөн ягаан хөх, алтан шар өнгөөр гэрэлтүүлсэн цамхгийн зургийг тавьсан байна.


1931 онд сүндэрлүүлсэн “Empire State Building” өндөр барилга бол Нью-Йорк хотын хамгийн алдартай дурсгалт газруудын нэг бөгөөд өндөр нь 381 метр юм. Энэ үзүүлэлтээрээ уг цамхаг Нью-Йорк хотдоо долдугаарт, АНУ-д зургадугаарт ордог ажээ.


Коби Брайант нэгдүгээр сарын 26-нд Лос-Анжелес хотоос холгүй нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ. Нисдэг тэрэгт Брайантын 13 настай охин Жианна байсан бөгөөд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алдсан юм.


 


Холбоотой мэдээ