Марихуан зөөдөг байсан 800 метр хонгилыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-22 15:32:41

ВАШИНГТОН. /abcnews/. Мексикийн Тихуана хотын том цахилгаан шаттай нэгэн байшингаас Калифорни муж улсын Сан-Диего хотын автомашины зогсоол хүртэлх 800 метр урт хил дамнасан хонгил байсныг илрүүллээ гэж АНУ-ын эрх баригчид өчигдөр мэдэгдэв. Уг хонгилоос нэг тонн гаруй кокаин, долоон тонн орчим марихуан илрүүлсэн байна.

2006 оноос хойш Калифорни муж улсын Мексиктэй залгаа хилийн орчмоос 13 нууц хонгил, түүний дотор Сан-Диего хотын гудамжинд гаргасан гурван хонгилыг олж илрүүлжээ. Эдгээр гурван хонгилыг хилийн дагуух хашаатай зэрэгцүүлэн ухжээ. Марихуан нь кокаин болон бусад хар тамхины төрлүүдтэй харьцуулахад илүү үнэртэй, овор хэмжээ ихтэй учир хилийн хатуу хяналтыг давах боломжгүй аж. Тиймээс хар тамхины наймаачид марихуаныг хил давуулахын тулд хонгил гаргах нь олонтоо.

"Гэвч энэ хонгил нь бусад хонгилоос ялгаатай нь марихуан гэлтгүй кокаиныг хүртэл уг хонгилоор дамжуулан зөөдөг байжээ. Энэ хонгил 800 метр үргэлжилж Сан-Диего хотын худалдааны төвийн автомашины зогсоолд хүрэх бөгөөд хонгилын үүдийг хогийн том саваар халхалсан байсан" гэж Калифорни муж улсын Өмнөд дүүргийг хариуцсан прокурор Лаура Даффи мэдэгджээ.

Тус муж улс руу нэвтрэн орсон бусад хонгилуудын гарц хаалга нь байшин, агуулах дотор байжээ.

Мөн тэрбээр “энэ бол туулайн нүх. Ийшээ орж, гарч байгааг харвал ихэд ухаалаг арга бодож олжээ. Энэ хонгил нь бидний өмнө нь харж байснаас тэс ондоо юм” гэж хатагтай Даффи сэтгүүлчдэд ярьсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ