Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг худалдаа эрхлэгчдэд анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-28 20:49:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан коронавирусний эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа эрхлэгч нарт өнөөдөр /2020.01.28/ албан тоот хүргүүлж үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа.

Тус албан бичигт, “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-т “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх”, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д “зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах”, 7.1.2-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох”-ыг тус тус хориглосон байна.

Иймд нөхцөл байдлыг далимдуулан зах, худалдааны төв, дэлгүүр, супермаркет, аж ахуйн нэгж, байгууллагууд хуульд заасны дагуу өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөн үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоолгүйгээр үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна" гэжээ.

Түүнчлэн зөвлөмжийг хүлээн авч, үйл ажиллагаандаа мөрдөөгүй, үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулахыг анхааруулсан байна.    

Холбоотой мэдээ