Үндэсний шигшээ баг бэлтгэл сургуулиа үргэлжлүүлнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-29 08:19:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын удирдах албаныхан энэ цаг үед Үндэсний шигшээ баг хэрхэн ажиллах тухай хэлэлцсэн байна.


Энэхүү хурлаар Спортын төв ордны “А”, “В” зааланд олон нийтийг хамарсан аливаа тэмцээн, уралдаан зохион байгуулахыг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглож, харин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.


Энэ жил “Токио-2020” зуны XXXII олимпын наадам болох учраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийг тасалдуулж болохгүй бөгөөд өндөр хяналтын дор тамирчид бэлтгэлээ базаах шаардлагатай хэмээн уг шийдвэрийг гаргажээ.

Холбоотой мэдээ